НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар болон Дэлхийн цаг уурын байгууллагаас хамтарч дэлхийн улс орнуудын гамшгийн эрсдлээс урьдчилан сэргийлэх системийн судалгааны тайланг гаргасан байна.
Энэ жил өмнөх жилүүдийг бодвол уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгуудаас ард иргэд хамгаалагдаж чадаж байгаа байдал өсөн нэмэгдсэн гэж тайланд дурджээ.
Гэхдээ одоо ч дэлхийн улс орнуудын тал нь олон төрлийн гамшгаас сэргийлэх дохиоллын системгүй байгаа нь гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын хүчин чармайлт дөнгөж эхлэх шатандаа явж байгааг харуулж байна гэж мөн дурджээ.
Уг тайланг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо болж байгаа НҮБ-ын “КОП28” чуулганы үеэр танилцуулсан юм.
Тайланд дурдсанаар өнгөрсөн онд 95 орон гамшгаас урьдчилан сэргийлэх дохиоллын системтэй байсан бол энэ жил 101 улс болж өссөн байна. Энэ тоо 2015 оны үеийнхээс хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
НҮБ-аас санаачилсан Гамшгаас урьдчилан сэргийлэх хүртээмжтэй хөтөлбөрийн хүрээнд 2027 он гэхэд бүх улс орныг ийм урьдчилан сэргийлэх системтэй болгоно гэсэн зорилт тавиад буй юм байна.
Бүсчлэлээр нь авч үзвэл, Африк тивийн улс орнуудын гамшгаас сэргийлэх систем өмнө жилийнхээс хоёр дахин нэмэгдсэн ч дэлхийн дунджаас доогуур хэвээр байгаа юм.
Буурай хөгжилтэй орнуудын талаас бага хувь нь ийм системтэй байна. Хөгжиж байгаа арлын жижиг орнуудын 40 хувь нь л мөн гамшгийн урьдчилан сэргийлэх системтэй.
Гэтэл далайн орнууд гамшигт өртөх хамгийн эрсдэлт бүсэд багтдаг. Арабын орнуудын урьдчилан сэргийлэх системийн суурилуулалт мөн л дэлхийн дунджаас маш доогуур гарчээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттеришийн хэлснээр Гамшгаас урьдчилан сэргийлэх хүртээмжтэй хөтөлбөр нь уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж хохирдог улсуудыг хамгаалах, хүрч ажиллах зорилготой том зорилго. Амаргүй ч гүйцэтгэж чадах даалгавар гэж дүгнэсэн байна.
Мөн ирэх 2024 онд энэ системийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэхийг уриалжээ.