Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц БНСУ-ын Үнэт цаасны санхүүжилтийн корпорац (Korea Securities Finance Corporation)-ын ерөнхийлөгч Ким Жонг-Гак нар өнөөдөр хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэлээ.
Санхүүгийн зохицуулах хороо хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд үнэт цаас зээлэх, зээлдүүлэхтэй холбоотой зохицуулалтын орчныг бий болгохоор ажиллаж байгаа бөгөөд уг санамж бичгийг байгуулснаар тус корпорацтай дээрх чиглэлд үе шаттайгаар хамтын ажиллагааг эхлүүлэх, техник, эдийн засгийн зөвлөгөө, дэмжлэг авах боломж бүрдлээ. Энэхүү зохицуулалтын орчныг бүрдүүлснээр хөрөнгийн зах зээлийг төрөлжүүлж, арилжааны идэвх, хөрвөх чадвар нэмэгдэхэд чухал нөлөө үзүүлэх болно.
Мөн санамж бичгийн хүрээнд хоёр улсын үнэт цаасны зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээ мэдээлэл солилцох, корпорацын мэргэшсэн экспертүүд Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтнүүд, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчид болон дэд бүтцийн байгууллагын төлөөллийг урт болон дунд хугацааны сургалтад хамруулахын зэрэгцээ зөвлөгөө, мэдээлэл өгч, чадавх бэхжүүлэх арга хэмжээг явуулах суурь тавигдаж, хоёр талын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах боломж нээгдлээ.
1955 онд байгуулагдсан тус корпорац нь хөрөнгийн зах зээл дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зах зээлийн хөрвөх чадварыг дэмжиж, хөрөнгө оруулалтын салбар дахь тогтвортой байдлыг хангах чиг үүрэгтэй төрийн өмчит санхүүгийн байгууллага юм. Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Moody’s агентлагийн Aa2 зэрэглэлтэй, үнэт цаасаар баталгаажсан зээл, маржин зээл, үнэт цаас зээлдэх, зээлдүүлэх болон репо арилжааны зуучлах үйлчилгээ үзүүлдэг бөгөөд БНСУ-ын санхүүгийн зах зээлд төдийгүй олон улсын хөрөнгийн зах зээлд чухал байр суурь эзэлдэг байгууллага юм. 

 
	    	


