Санхүүгийн хоршооны эрх зүйн орчныг шинэчлэх, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, хоршоодын үйл ажиллагааг илүү нээлттэй, хариуцлагатай болгох цаашилбал санхүүгийн зах зээлийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой “Санхүүгийн хоршооны тухай хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх” ажлын хэсгийн олон нийтээс санал авах нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ.
УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагаар ахлуулсан ажлын хэсгийн хэлэлцүүлэг энэ сарын 3-4-ний өдрүүдэд Дархан-Уул, Орхон аймагт эхэллээ. Хэлэлцүүлгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц нар оролцож, хуулийн төслийн зорилго, хэрэгцээ, ач холбогдлын талаар танилцуулга мэдээллийг өглөө.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамц хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ “Энэхүү хуулийн төсөлд хадгаламж, зээлийн хоршоог олон улсын жишигт нийцүүлж хөгжүүлэх, санхүүгийн хоршооны найдвартай байдал, хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг хамгаалах тогтолцоог нэвтрүүлэхийг тусгасан. Мөн хадгаламж, зээлээс гадна хоршооны гишүүдийн нийгэм, соёлын хэрэгцээг бүрэн хангахуйц, нэмэлт үйл ажиллагаа эрхлэх боломжтой байхаар тусгаж чадсан” гэдгийг онцолсон юм.
Хэлэлцүүлэгт Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган аймгийн төрийн байгууллагын төлөөлөл, хадгаламж зээлийн хоршоодын удирдлагууд болон иргэд, олон нийт оролцож санал бодлоо илэрхийлсэн юм. Хэлэлцүүлэг цаашид бусад аймаг, бүс нутгуудад үргэлжлэх бөгөөд олон нийт, иргэд, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаж, хуулийн төслийг илүү боловсронгуй болгох зорилготой.
 
	    	


