Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын ээлжит чуулга уулзалт 10-р сарын 24-27-ны өдрүүдэд Парис хотноо боллоо. Хуралдаанд 200 гаруй орны төлөөлөл, олон улсын байгууллагын ажиглагчид оролцож, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээрх асуудлыг хэлэлцэв.
Энэ удаагийн уулзалтаар харилцан үнэлгээний шинэлэгдсэн тавдугаар шатны аргачлалын дагуу хийсэн анхны үнэлгээний тайланг баталсан нь онцлох үйл явдал боллоо. ФАТФ-ын шинэчлэгдсэн аргачлалаар Бельги, Малайз улсууд нь харилцан үнэлгээнд орсон хамгийн анхны улсууд болж байгаа ба тус аргачлал нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагааны бодит үр дүнд илүү ач холбогдол өгч байгаагаараа онцлогтой байна.
Мөн гэмт хэргийн орлого, хөрөнгийг илрүүлэх, хураах, буцаан олгох үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх зорилгоор хөрөнгө буцаан олгох чиглэлээр холбогдох удирдамжийг баталлаа. Энэхүү удирдамж нь гэмт этгээдүүдийн хууль бус хөрөнгийг нуух, хил дамнан шилжүүлэх ажиллагааг таслан зогсоож, энэ чиглэлээрх чадавхыг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм. Түүнчлэн ФАТФ-аас хиймэл оюун ухаан (AI) болон хиймэл оюун ухааны тусламжтай хуурамч дүрс шалгах технологи (deepfake)-ийг хууль бусаар ашигласнаар үүсэж болзошгүй эрсдэлийн талаар олон нийтэд анхааруулах мэдэгдлийг гаргалаа. Олон улсын хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр Ямайк, Нигери улсууд анх удаа уулзалтад оролцож, “Зочин санаачилга”-ын хүрээнд бүс нутгийн төлөөлөл, үзэл бодлыг өргөжүүлэхэд хувь нэмэр орууллаа.
“Хар” ба “Саарал” жагсаалтад орсон өөрчлөлтүүд:
Энэ удаагийн чуулга уулзалтаар ФАТФ-ын Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр өндөржүүлсэн хяналтад орсон орны жагсаалт буюу “саарал” жагсаалтаас Буркина Фасо, Мозамбик, Нигери, Өмнөд Африк гэх улсуудыг стратегийн дутагдлыг арилгах арга хэмжээг үр дүнтэйгээр хэрэгжүүлж, үнэлэхүйц ахиц гаргасан гэж дүгнээд “саарал” жагсаалтаас хасахаар шийдвэрлэлээ. Харин мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр стратегийн дутагдалтай, өндөр эрсдэлтэй орны жагсаалт буюу “хар” жагсаалтад өөрчлөлт оруулаагүй байна.



