Монгол Улс, Япон Улсын төр, хувийн хэвшлийн төлөөллийн хамтарсан 12 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт Токио хотноо амжилттай зохион байгуулагдлаа. Уулзалтыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Япон Улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн дэд сайд К.Ямада нар ахалж, хоёр талаас төрийн байгууллага, бизнесийн холбоо болон хөрөнгө оруулагчдын төлөөлөл зэрэг нийт 200 гаруй хүн оролцов.

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт болон эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой энэхүү уулзалтад Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны дарга Т.Жамбаажамц оролцож, Монгол Улсын санхүүгийн салбарын эрх зүйн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны сайжруулалт, ногоон санхүүжилтийн талаар танилцууллаа.
Тус зөвлөлдөх уулзалтын хүрээнд хоёр улсын санхүү, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын өдөр” хөрөнгө оруулалтын форум боллоо. Форумы нээж СЗХ-ны дарга Т.Жамбаажамц санхүүгийн салбар, тэр дундаа хөрөнгийн зах зээлийн хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломж, хэрэгжүүлж буй бодлого, хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв. Энэхүү форум нь хоёр улсын “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийн хүрээнд санхүүгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалтын шинэ чиглэл болон бодит боломжуудыг нээх чухал ач холбогдолтой болов. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэл, хөгжлийн хамтын ажиллагааны төсөл, арга хэмжээг өргөжүүлэхэд чиглэгдэв.
Япон Улс нь Монгол Улсын хамгийн том донор орон бөгөөд энэхүү уулзалт, форум нь манай улсын санхүүгийн тогтолцоог олон улсад таниулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, хоёр улсын стратегийн түншлэлийг улам бэхжүүлэхэд хувь нэмэр орууллаа.
Айлчлалын хүрээнд СЗХ-ны дарга Т.Жамбаажамц Япон Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзаж, Монгол Улсын эдийн засгийн бодлого, санхүүгийн зах зээлийн шинэчлэл, хөрөнгийн зах зээлийн боломж болон гадаад мөнгөн гуйвуулгын үйлчилгээг сайжруулахтай холбоотой мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.







