ЭЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга И.Батхүү болон Хөгжлийн банкны удирдлагууд Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Таехюн Ли, санхүүгийн салбарынх нь экспертүүдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагааг бэхжүүлэх, хөгжлийн төслүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжих боломжуудын талаар санал солилцов.
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээнүүдийн үр дүн, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах, төсвийн сахилга батыг сайжруулах, хувийн хэвшлийн эдийн засаг дах оролцоог нэмэгдүүлэх бодлогын талаар танилцуулж, хөрөнгө оруулалт шаардлагатай салбар, томоохон төслүүдэд хөгжлийн банкны үүрэг, оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагааны дараагийн шатанд гаргах хүлээлт, хууль эрх зүйн орчинг сайжруулах талаар хийж байгаа ажлуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.
Дэлхийн банкны экспертүүд МУХБ-ны санхүүгийн тогтвортой байдал, үйл ажиллагааны чадавхад хийж буй үнэлгээ, цаашид бий болгох санхүүжилтийн загварын талаарх судалгааны ажлыг танилцуулж, олон улсын сайн туршлага, ялангуяа зээлжих зэрэглэлийг сайжруулах, олон улсын баталгааны байгууллагуудыг ашиглах, зөвхөн хөгжлийн банкны үйл ажиллагаанд төвлөрөх биш бусад олон улс, дотоодын хамтрагч байгууллагуудын хамтын ажиллагаа, эко орчинг зөв бүрдүүлэх талаар шинэлэг саналууд танилцууллаа.
Талууд цаашид бодлогын шинэчлэлийг бодит үр дүнд хүргэх зорилгоор МУХБ-аар дамжуулан хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх боломжийг өргөжүүлэх, банкны засаглал, институтийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр санал нэгдэв.



