Нийслэлийн дөрвөн байршилд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц барих” төсөл хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд газар чөлөөлөлт, инженерийн шугам сүлжээний шилжүүлэлт болон барилга угсралтын ажлыг үе шаттай гүйцэтгэж байгаа юм.
Үүнээс нэгдүгээр байршил болох “Таван шарын төмөр зам доогуурх нүхэн гарц”-ын барилга угсралтын ажил 96 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Уг байршил дахь явган болон дугуйн замын ажил дууссан. Найрамдлын авто зам, төмөр зам дээгүүр барих 90 метр урт явган хүний гүүрэн байгууламжийн шон суурийн ажил 39 хувийн гүйцэтгэлтэй, металл гүүрийн үндсэн хийцийг үйлдвэрлэж байна.

Хоёрдугаар байршил Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын ажлын хүрээнд 28 метр урт, 5 метр өндөр туннел бүхий нүхэн гарц, 1.48 км авто зам, явган болон дугуйн замыг цогцоор нь байгуулахаар төлөвлөсөн. Төсөл хэрэгжүүлэхэд нийт 21 нэгж талбарыг холбогдох хууль, журмын дагуу чөлөөлж, бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэлийг хангаад байна.

Гуравдугаар байршил “Гермес” худалдааны төвийн урд хэсгийн нүхэн гарцын барилга угсралтын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Зураг төслийг магадлалаар батлуулж, төмөр замын доогуур нүхэн гарцын их биеийн төмөр бетон хийцийг түлхэх технологиор (Box Jacking) байршуулсан. Авто замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Тус нүхэн гарц нь Нарны замыг Дунд гол буюу Тээвэрчдийн гудамжны авто замтай холбох бөгөөд 38 метр урт, 12 метр өргөн, 3.5 метр өндөр байгууламж байх юм.
Уг бүтээн байгуулалт хэрэгжсэнээр гол болон туслах замын сүлжээний уялдаа холбоо сайжирч, хоногт 31 мянган авто машин нэвтэрнэ. Авто замын огтлолцлын зөрчил буурч, хөдөлгөөний урсгал тасралтгүй болох нөхцөл бүрдэж, шинээр авто замын сүлжээг бий болгох юм. Үүний үр дүнд замын саатал багасаж, тээврийн хэрэгслийн дундаж хурд нэмэгдэн, хөдөлгөөний аюулгүй байдал сайжирна гэж төлөвлөж байна.



