Саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн захирлаар томилогдсон дуучин Б.Анхбаяр согтуурсан үедээ цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биед нь халдсан хэрэг энэ сарын 09-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тус хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Шалгагдаж буй хэргийн хуулийн зохицуулалтын тухайд,
Хууль сахиулах чиг үүргээ хэрэгжүүлж буй цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй, саад учруулсан, хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн болон доромжилсон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлд заасны дагуу иргэнийг 250 нэгжтэй тэнцэх хэмжээний (250,000) төгрөгөөр торгох зохицуулалттай байдаг.
Мөн тохиолдлоос хамааран, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэн эсэргүүцсэн бол Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг юм.



