Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажил, хичээлийн шинэ жилийн бэлтгэл болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцлээ. Шуурхай зөвлөгөөний эхэнд өмнөх хурлаар өгсөн 34 үүрэг даалгаврын хэрэгжилт 81.5 хувьтай байгааг танилцууллаа.
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлж, нутаг дэвсгэрийн хэмжээнд урьдчилсан үзлэг, шалгалтыг зохион байгуулахыг дүүргийн Засаг дарга нар болон нийслэлийн Хяналт, шалгалтын газарт үүрэг болгосны дагуу есөн дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн стандартын хэрэгжилтэд үзлэг шалгалт зохион байгуулж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хангах, сурагчдын зорчих замын бүрэн бүтэн байдал, явган хүний гарц, тэмдэг тэмдэглэгээ, үзэгдэх орчин, гэрэлтүүлгийг шалгаж шаардлагатай засвар, үйлчилгээг шуурхай хийх, зам тээврийн ослоос сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн засвар шинэчлэлийн ажлын гүйцэтгэлд хяналт тавих үүргийг холбогдох албаныханд өглөө.



