НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 28-ныг хүртэл Улаанбаатар хотод үргэлжилж байна.
Дэлхийн 167 орны төлөөлөл оролцож буй тус хурлын Ногоон бүсийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва үг хэллээ.
Тэрбээр, Өнөөдөр дэлхийн хотууд байгаль, газар зүй, уур амьсгалын өөр өөр нөхцөлд хөгжиж байгаа хэдий ч тэдэнд тулгарч буй асуудлууд нь улам бүр ижил болж байна. Байгаль, хот хоёр тусдаа оршихгүй гэдгийг бид өдөр тутмын амьдралаасаа мөн мэдэрч байгаа билээ. Цөлжилт, усны нөөцийн хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол зэрэг түүнээс үүдсэн шар шороон шуурга нь нэг улсын хилээр хязгаарлагдахгүй, бүс нутаг, цаашлаад дэлхий нийтийг хамарсан асуудал болжээ. Эдгээр асуудлыг нэг улс, нэг хот шийдэх боломжгүй учир хотуудын түншлэл, улс орнуудын хамтын ажиллагаа, олон улсын байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоо бидэнд хэрэгтэй болж байна.
Талуудын 17 дугаар бага хурал нь бидний хувьд улс орнуудын сайн туршлагаас суралцахын зэрэгцээ бүс нутгийн тулгарч буй сорилт, шийдлийг дэлхий нийттэй хуваалцах, хамтын гарцыг тодорхойлох томоохон боломж юм.
Түүнчлэн Улаанбаатар хот нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлдэг эдийн засаг, санхүүгийн төв. Өнөөдөр Улаанбаатар хотод хот байгуулалт, орон сууц, инженерийн дэд бүтцийн томоохон төслүүд болон авто зам, нийтийн тээврийн шинэчлэл, эрчим хүчний шинэ эх үүсвэр, үйлдвэрлэл технологийн паркуудыг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний бүтээн байгуулалт өрнөж байна. Тиймээс Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд Улаанбаатар хот хотуудын түншлэл, ногоон эдийн засагт суурилсан хөрөнгө оруулалтын тогтолцоог хамтын ажиллагааны гүүр болгон манлайлан оролцоно.
Ногоон бүс нь тухайн хүлээн авч буй орны өөрийн онцлог соёл, уламжлалыг ирж буй зочид болон дэлхий нийтэд сурталчлах өргөн боломж болдог. Тэгэхээр Ногоон бүс гэдгийг та бүхэн маань “Монгол бүс” гэж ойлгож болно. Мөн Ногоон бүс нь Улаанбаатар хотын иргэдэд нээлттэй. Та бүхэн энд хүрэлцэн ирж, өөрийн өв соёл, уламжлал төдийгүй Монгол Улсад тулгамдаад буй бэлчээрийн доройтол, усны хомсдол зэрэг асуудлыг хэлэлцэх салбар хуралдаануудад оролцох боломжтой.
Монголчуудын хамгийн сайхан зан бол зочломтгой, найрсаг зан байдаг. Дэлхийн 167 орноос ирсэн 20 мянга орчим зочин, төлөөлөгчийг эелдгээр угтан авч, өөрсдийн болон бүс, дэлхийн асуудлуудад бодит шийдэл олно гэдэгт итгэлтэй байна” хэмээлээ.



