Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ оролцож, нийслэлийн хөгжлийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх хөгжлийн 16 төслийг танилцуулж байна.
“Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ нь нийтийн тээвэр, эрчим хүч, авто зам, хот байгуулалт, усны менежмент зэрэг чиглэлээр хэрэгжиж буй 16 мега төслийн уялдааг хангах, нэгдсэн зохицуулалт, удирдлага, менежментээр чиглүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэгтэй ажилладаг. Эдгээр төсөл нь авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ дэд төвүүдийг хөгжүүлж, Улаанбаатар хотын урт хугацааны тогтвортой хөгжлийн суурийг бүрдүүлэхэд чиглэж байна.
Улаанбаатар хотын ирэх 20-30 жилийн хөгжлийн суурь дэд бүтцийг бүрдүүлэх эдгээр төсөл нь зөвхөн зам, барилга байгууламжийн бүтээн байгуулалтаар хязгаарлагдахгүй. Ногоон байгууламж, усны нөөцийн хамгаалалт, газрын тогтвортой менежмент, эрчим хүчний үр ашиг, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хот төлөвлөлтийг цогцоор нь тусгаж, байгаль орчинд ээлтэй технологи, шийдлийг төслүүдийн төлөвлөлт, хэрэгжилтэд нэвтрүүлж байна.
Тухайлбал, нийтийн тээвэрт “Улаанбаатар метро”, “Улаанбаатар Трам”, “Дүүжин замын тээвэр”, “Тусгай замын автобус BRT” төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Цахилгаанаар ажиллах эдгээр тээврийн системийг нэвтрүүлснээр агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чухал ач холбогдолтой. Судалгаагаар эдгээр төслийг хэрэгжүүлснээр өнөөгийн түвшинтэй харьцуулахад азотын ислийн (NOx) ялгарлыг жилд 400 тонноор, нүүрсхүчлийн хийн (CO₂) ялгарлыг 213 мянган тонноор бууруулах боломжтой гэж тооцоолжээ. Мөн Дүүжин замын тээврийн төслийг арванхоёрдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 100 хувь цахилгаанаар ажиллах тул агаарын бохирдол, дуу чимээний нөлөөллийг бууруулсан тогтвортой тээврийн шийдэл болох юм.



