
Уулзалтаар Монгол Улсын ноолуур ээрэх үйлдвэрлэлийн өнөөгийн нөхцөл байдал, салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэлийн хэрэгцээ, шаардлага болон цаашдын хөрөнгө оруулалтын боломжийн талаар санал солилцжээ.
Түүнчлэн ноолуур ээрэх үйлдвэрлэлийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн хэрэгцээг тодорхойлох, хэрэгжүүлэх төслүүдийн хөрөнгө оруулалтын хэмжээг тооцох, санхүүжилтийн боломжит шийдлүүдийг боловсруулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Энэ хүрээнд төрийн бодлогын дэмжлэг, урт хугацааны санхүүгийн эх үүсвэр болон санхүүгийн түрээсийн бүтээгдэхүүнийг уялдуулсан санхүүжилтийн механизм бүрдүүлэх боломжийг судалж, салбарын аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын ноос, ноолуурын түүхий эдийг дотооддоо илүү өндөр түвшинд боловсруулж, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ экспортын бүтээгдэхүүний төрөлжилт, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.



