Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Улаанбаатар хотын онцлог бүхий аялал жуулчлалыг хөгжүүлж, зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, жуулчдын ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгыг дэвшүүлсэн. Энэ хүрээнд нийслэлийн Аялал жуулчлалын газраас 2026 онд Улаанбаатар хотод аялал жуулчлалын 19 арга хэмжээг зохион байгуулж, 300 гаруй мянган хүн үзэж сонирхоод байна. Монгол Улсад 2026 оны есдүгээр сарын 1-ний байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 258,886 жуулчнаар буюу 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин Улаанбаатар хотод 2026 оны жилийн эцсийн байдлаар 630 мянган жуулчин хүлээн авах төлөвтэй байгаа юм.
Нийслэлээс 2026 оныг “Бизнес эрхлэгчдийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан дээрх арга хэмжээнүүдэд 815 жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулж, 13 тэрбум орчим төгрөгийн орлогыг иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд олсон байна.
Түүнчлэн “Дэлхийн Аялал жуулчлалын байгууллага”-ын 2026 оны эхний улирлын тайланд Монгол Улс:
- “Ази номхон далайн бүс нутгийн хамгийн сайн үзүүлэлттэй улс” номинацид 39 хувийн үзүүлэлтээр 4-р байр;
- Зарцуулалтын үзүүлэлтээр хамгийн сайн байгаа зах зээл номинацид 29 хувийн өсөлттэйгөөр 2-р байр;
- Орлогын үзүүлэлтээр 27 хувийн өсөлттэй дүнгээр 3-р байр;
- Хамгийн өндөр үзүүлэлттэй 20 улсын жагсаалтад 39 хувийн өсөлттэй дүнгээр 4-р байрт эрэмбэлэгдэж байна.



