Өнөөдрийн байдлаар “Сэлбэ ухаалаг хот” төслийн нийт гүйцэтгэл 39 хувьд хүрээд байна. Төлөвлөгдсөн 113 блок барилгаас 100 блокийн ажил нэгэн зэрэг эрчимтэй өрнөж байгаа бөгөөд талбайд 1456 хүн, 89 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Энэхүү үндэсний хэмжээний бүтээн байгуулалтад үндэсний 4 бүтээн байгуулагч, гадаадын хоёр аж ахуйн нэгж ерөнхий гүйцэтгэгчээр шалгаран, ФИДИК гэрээний дагуу бүтээн байгуулалт хийж байна. Түүнчлэн Сэлбэ ухаалаг хотыг бий болгох энэ төсөлд өнөөг хүртэл 253 ААН, хуулийн этгээд оролцож буй юм.
“Сэлбэ ухаалаг хот” төслийн хүрээнд барилгуудын гадна архитектурт дөрвөн улирлын өнгө аясыг шингээсэн фасадны орчин үеийн шийдлийг сонгон угсарч байна. Бүх багцууд энэ намар фасад, хаалга, цонхоо угсарснаар халаалтаа авах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр дотор заслын ажил үргэлжлэх боломж бүрдэх юм. Түүнчлэн барилгын чанар, урт хугацааны насжилт, аюулгүй байдлыг хангах хөрсний ус зайлуулах (дренажийн) иж бүрэн систем болон гадна инженерийн дэд бүтцийн туршилт, тохируулгын ажлууд иж бүрнээрээ хийгдэж байгаа гэв.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС



