ХХААХҮЯ-наас “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тохиолдуулан газар тариалангийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг улсын болон улсын ахлах байцаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг НҮБ-ын ХХААБ-ын Ургамал хамгааллын чадавхыг бэхжүүлэх TCPMON/4003 төслийн хүрээнд хамтран зохион байгуулж байна.
Сургалтаар газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн чиг хандлага, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломж, шинээр нэвтэрч буй технологи, шинэ таримлын үр, сортын хэрэглээ, хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгжилт болон салбарт тулгамдаж буй асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцэж байна. Мөн намрын ургац хураалтын үеийн хяналт шалгалтыг үр дүнтэй зохион байгуулах, ургацын чанар, аюулгүй байдлыг баталгаажуулах, эрсдэлийг урьдчилан илрүүлэхэд улсын байцаагчдын анхаарах асуудлыг дэвшүүлж, харилцан туршлага солилцлоо.
Сургалтын үеэр салбарын Улсын ерөнхий байцаагч Б.Батшагай Засгийн газраас стратегийн хүнсний үндсэн түүхий эд болох 100.0 мянган тонн хүнсний буудайн нөөц бүрдүүлэх, мөн хүнсний ногооны нөөцийн бэлтгэл, бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд хууль тогтоомжийн хүрээнд хяналт тавьж ажиллах талаар үүрэг, чиглэл өгөв.
Тэрбээр нөөцөд нийлүүлж буй бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах, холбогдох стандарт, шаардлагыг мөрдүүлэх, хяналт шалгалтыг хариуцлагатай, үр дүнтэй хэрэгжүүлэх нь хүнсний хангамж, аюулгүй байдлыг хамгаалах, иргэдийг чанартай, аюулгүй хүнсээр хангахад чухал ач холбогдолтойг онцолсон юм.
Энэхүү сургалт нь улсын байцаагчдын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, хяналт шалгалтын нэгдсэн ойлголт, арга зүйг сайжруулах, газар тариалангийн үйлдвэрлэлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ургацын чанар, аюулгүй байдал болон хүнсний стратегийн нөөцийн бүрдүүлэлтэд тавих хяналтын үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэж байна.




