Дэлхийн хүнсний форумын үеэр хүнс, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмэр оруулж буй дэлхийн 100 эмэгтэй баатрыг алдаршуулах ёслол болж, Монгол Улсаас Ховд аймгийн Дарви сумын “Баялаг Сутай” хоршооны тэргүүн Х. Алтанцэцэг шалгарлаа.

90 орчим малчин өрхийг нэгтгэн, нутгийн Сутай хонины үүлдрийг хамгаалах, сайжруулахын төлөө уламжлалт мал маллагааны мэдлэгийг орчин үеийн үржил, мал аж ахуйн менежменттэй хослуулан ажиллаж байна.
Түүний манлайллаар малчин өрхүүд сүргийн менежментээ сайжруулж, тэжээл үйлдвэрлэл, зах зээлд чиглэсэн арга барилыг нэвтрүүлснээр орлогоо нэмэгдүүлэх, ган, зудын эрсдэлийг даван туулах чадавхаа бэхжүүлж байна.

Хамтын ажиллагааг хөгжүүлж, эмэгтэйчүүд, залуусын оролцоог дэмжсэн түүний туршлага нь малчдын амьжиргааг сайжруулах, малын генетик нөөцийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй орон нутгийг бүтээхэд эмэгтэйчүүдийн манлайлал ямар чухал болохыг харууллаа.



