Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан мэдээлэл өглөө.
НМХГ–ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга:
-Он гарснаас хойш зургаан осол гарсны тав нь хөдөлмөрийн аюулгүй байдалтай холбоотой. Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас өргөх байгууламж хариуцсан тусгай зөвшөөрлийн байгууллагад хүргүүлсэн. Нийт 2800 орчим липт эзэмшигч байгууллагуудад мэдэгдэл хүргэсэн. Мөн 260 аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах чиглэлд зөвлөмж мэдээлэл өгсөн.
Энэ оны гурван сарын байдлаар 8600 гомдол мэдээлэл ирсэн. Үүний 132 нь барилга байгууламжтай холбоотой. Үүнд, дулаан алдагдал, барилгын хийц өөрчилсөн, өвлийн улиралд барилгын ажил явуулсан зэрэг гомдол мэдээлэл ирснийг шалгаж үзээд, 53 сая төгрөгийн торгууль ногдуулсан.
Мөн Улаанбаатар хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй, долоон сараас дээш барилгын үйл ажиллагаа нь зогссон барилга байгууламжийг хамгаалалтын горимд шилжүүлэхийг мэдэгдэл хүргүүлсэн. Нийт 54 барилга байгууламжид ийм сануулга өглөө. Түүнчлэн орц, гарц хаасан тухай 12 гомдол ирсний дагуу тухайн дүүрэг, хорооны Засаг даргад зөвлөмж мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс гадна 1227 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд суурьшиж байна.
Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар барилга шатсан осол энэ сарын 6-нд гарсан. Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэдээлснээр ОБЕГ-ын харьяа Гамшиг судлалын хүрээлэнгээс тухайн орон сууцны шүршдэг хөөсөн барилгын материалд зөвшөөрөл олгосон байжээ. Харин мэргэжлийн хяналтын байгууллага зөвхөн эрүүл ахуйн чиглэлд хяналт тавьж ажиллана гэдгийг мэдээлэв.