Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д хилийн боомтуудыг автозамаар холбохоор тусгасан. Ингэж хатуу дэд бүтцээр холбохын зэрэгцээ цахимжуулалт, автоматжуулалт, хүний нөөцийг сайжруулах зэргээр зохион байгуулалтын хүрээнд зөөлөн дэд бүтцээр мөн ханган ажиллах нь. Энэ талаар Сангийн сайд, Хилийн боомтын Үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан өнөөдөр болж буй “Боомтын сэргэлт” хэлэлцүүлэгт тавьсан илтгэлдээ онцоллоо.
Тэрээр, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудад хийх дэд төслүүдийг танилцуулав. Боомтуудын боомилуулсан байдлыг тайлахын тулд нийт 44 ажил хийх нь. Ингэснээр боомтуудын хүчин чадал 3 дахин өсөж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэнэ. Энд нийт 26 их наяд төгрөг хэрэгтэй. Улсын төсвөөс 10-12 их наяд төгрөгийг л гаргах боломжтой тул үлдсэн санхүүжилтийг Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар шийднэ хэмээн мэдэгдэв.
Ирэх 7 хоногт Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Төрөөс зөвшөөрөл олгох гэх мэт үүргээ хэрэгжүүлэхдээ шуурхай, чөлөөт байдлаар хандана. Хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэн, манлайлж оролцоосой. Засгийн газар нээлттэй ажиллана гэв.
Боомтуудыг хатуу болон зөөлөн дэд бүтцээр холбосноор хүчин чадал нь гурав дахин нэмэгдэнэ.
Гашуунсухайт боомтод 300 мянган тонн нүүрсний багтаамжтай чингэлэг тээврийн терминалыг дотоодын 3 компани хамтран хөрөнгө оруулж, 45 хоногт барьж дуусгажээ. Шивээхүрэн боомтод мөн чингэлэг тээврийн терминал барих ажил 80 хувьтай байна.
“АХБ-тай хамтран Алтанбулаг, Бичигт, Боршоо зэрэг 4 боомтын төсөлд хамтран ажиллаж байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Замын-Үүд зэрэг хоёр боомтыг хөгжүүлж, цаашид Цагаан-Уулын боомтыг хөгжүүлэх хэлцэлд хүрсэн. БНХАУ нүүрснээс татгалзахдаа атомын цахилгаан станц барих уу, сэргээгдэх эрчим хүч рүү төвлөрөх үү гэдэг эцсийн шийдээ хараахан гаргаагүй байна. Иймд бид нүүрсний экспортоо өсгөх арга замыг эрэлхийлэн, шуурхайлах шаардлагатай. Ерөнхий сайд БНХАУ-д өвлийн олимпын үеэр айлчлахдаа Бичигт, Ханги зэрэг 3 боомтын хилийн боомтын солбилцлын цэгийг тохирсон нь 12 жилийн турш гацсан асуудал байв” гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан илтгэлдээ тодотголоо.
Чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын нэгдсэн зөвлөлийн дарга Ч.Амарбаатар, Замын-Үүд-Эрээний Эдийн засгийн хамтын ажиллагааны чөлөөт бүсийн хамгийн том давуу тал нь Хятадын зах зээлийг бидэнд нээж өгч байгаа явдал юм. Энэ бол цэвэр аж үйлдвэрийн үйл явцыг цааш өрнүүлэх, цоо шинэ технологийн асуудал юм. Ингэснээр манайд үйлдвэрлэл хөгжиж улмаар БНХАУ-ын том зах зээлд гарах том боломжийг бий болгоно гэж хувийн хэвшлийнхэн харж байгаа.
Өнгөрсөн 30 жилд үүнийг хувийн хэвшил өөрөө даагаад яваад ирсэн. Энэ хооронд ковид, бусад гэнэтийн нөхцөл байдлаас үүдэн хил, гааль, ложистик, тээвэр тас зогссон. Энэ нөхцөлд манай төр, засаг үнэндээ ямар ч бэлтгэлгүй, энэ асуудлыг шийддэг нэг ч институт байхгүй явж ирсэн. Одоо харин үүнийг төр засаг ойлгон чөлөөт бүсэд анхаарч, боомтуудаа шинэчлэн сэргээж байгаа нь сайн хэрэг, бас нэг давуу тал болж байна. Одоо ингээд Чөлөөт бүсүүдийг байгуулан, ярьж хэлж байгаагаа хөдөлгөөд хэрэгжүүлээд явбал улам л боломжтой болно. Гэхдээ боомтуудын асуудлыг эхлээд тээвэр, ложистикооо сайжруулж, дараа аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр дэс дараатай шийдэх хэрэгтэй байна. Өнөөдөр төр засаг өөрийн өмнө хүлээж буй хууль эрхзүйн орчноо бүрдүүлээд өгчихлөө. Ингэснээр одоо хувийн хэвшлийн ажил эхэлнэ. Хоёрт, хоёр улс хил, гааль, тээвэр дээр боомтуудын хүрээнд ямар зарчмаар яаж ажиллах вэ гэдгээ хоорондоо шийдэж байх шиг байна. Энэ талын мэдээллийг бизнес эрхлэгч нарт, хөрөнгө оруулагчдад шуурхай цацах хэрэгтэй. Тэгэж байж боомтын сэргэлтийн үйл явц, Төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хурдан хэрэгжинэ. Замын-Үүдийн Чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба маргааш хөрөнгө оруулагчид болон сонирхож буй талуудтай харилцан ярилцаж мэдээлэл өгье гэсэн санал тавьж байна. Сайн хэрэг. Гэхдээ энэ талын үйл явц удаан байна.