Дэлхийн банкнаас өчигдөр Монголын эдийн засгийн тайланг танилцуулсан. Үндсэндээ урд хөршийн ковидын эсрэг хатуу бодлого, хойд хөршийн дайны нөхцөл байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа тул нийт эдийн засаг саарах төлөвтэй байгааг анхааруулсан. Гадаад нөхцөл байдлаас шалтгаалсан шок энэ ондоо үргэлжлэх магадлал өндөр байгааг дурдсан юм.
Харин ирэх жилүүдэд Монголын эдийн засаг өсөх эсэх нь Оюу толгойн гүнийн уурхайн олборлолтоос ихээхэн хамаарна гэдгийг онцолжээ. Тодруулбал, Оюу толгойн гүний олборлолт 2023 оны хоёрдугаар хагаст эхэлснээр дунд хугацаанд эдийн засгийн өсөлт хурдсаж, 2023-2025 онуудад Монголын эдийн засгийн өсөлт 6 хувь давах өндөр магадлалтай гэж төсөөлжээ.
Мөн саяхан батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 2023-2025 онуудад хувийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлж, амжилттай хэрэгжих эсэхээс хамаарч макро эдийн засгийн орчинд тодорхой өөрчлөлтүүд гарна. Ялангуяа шинээр хэлэлцэх гэж байгаа Төр-хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төслөөр дамжуулан хууль эрхзүйн чухал реформыг тууштайгаар нэвтрүүлж чадах эсэхээс дунд хугацаанд эдийн засаг сэргэх хүлээлттэй байгааг онцолсон байна.