Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн шинэчлэлийн талаар хэлэлцжээ.
Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар мэдээллээ. Тэрээр “Нийслэлд 1200 орчим төр, хувийн хэвшлийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдаг. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод нэн шаардлагатай байгаа тээврийн хэрэгслийн парк шинэчлэлийг хоёр үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх үүрэг өглөө. Энэ хүрээнд өнгөрөгч оны улсын төсөв дээр 60 орчим автобусыг шинэчлэхээр суулгасан хэдий ч ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэл, тээвэр ложистикийн гацалтаас болж хойшилсон асуудал гарсан. Өнөөдөр Замын-Үүд Эрээний гааль дээр 70 автобус ирсэн байна. Эхнээсээ татан авалтуудыг хийж байна. Хүүхдийн 75 автобус ч хил дээр ирсэн байна. Богино хугацаанд 70 автобус, хүүхдийн 75 автобусыг татан авч бэлтгээд үйлчилгээнд явуулахад бэлэн болгохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэр стандартын түвшинд үйлчлэхийн тулд 1432 автобус байх шаардлагатай. Ингэж байж нийтийн тээврийн үйлчилгээг хангана гэж судалгаан дээр суурилсан дүгнэлтээ өнөөдрийн хуралдаанд танилцуулсан. Энэ үйл ажиллагааг хоёр үе шаттай хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Энэ жил 50 хувийг нь, 2023-2024 онд 50 хувийг нь үе шаттай шийдэж, нийтийн тээврийн асуудлыг нэг мөр цэгцлэх чиглэл өглөө. Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна. Хотын зүгээс 591 автобусыг шинэчлэхээр бэлдсэн. Тодорхой зээлийн эх үүсвэрүүдийг авч хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажлуудаа хийж байна. Хоёр жилийн хугацаанд авсан 40 орчим сая долларын зээлийг өөрийн ашиглалтаар төлж дуусгахаар санхүүгийн схем гаргасан. 2022 онд 591, 2023 онд 299, 2024 онд 86 гээд нийт 975 орчим тээврийн хэрэгслийг шинэчлэх зайлшгүй шаардлагатай байгаа. Үүнийг хоёр үе шатад хуваагаад 591 автобусыг наймдугаар сарын 20-ны дотор татан авах үүрэг даалгаварыг хариуцсан удирдлагуудад өгсөн” гэв.