УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлав.
Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, иргэн, хуулийн этгээдийн ойн аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх боломжийг нэмэх, төрийн байгууллагаас олгох эрх, зөвшөөрлийн тоог бууруулах зорилгоор уг хуулийн төслийг Засгийн газар боловсруулан өргөн мэдүүлсэн. Хуулийн төсөлд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийг яамны эрхлэх нийтлэг асуудалд нийцүүлэх, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах, ойн талаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын эрх зүйн үндсийг тогтоох, ойн үр, үрийн нөөцийн сан бий болгох зэрэг зохицуулалтыг тусгасан байна.
Хуулийг хэрэгжүүлснээр монгол орны ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдэж, 2030 он гэхэд нийт газар нутгийн 9 хувьд хүргэх ногоон хөгжлийн зорилго хангах бөгөөд ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ нэмэгдсэнээр нүүрсхүчлийн хийн шингээлт нэмэгдэж, цөлжилтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад үзүүлэх эерэг нөлөө үлэмж ихэснэ хэмээн үзэж буй юм.
Ойн үрийн аж ахуйг судалгаа шинжилгээнд тулгуурлан, бодлого чиглэлтэй хөгжүүлснээр шилмэл сортын ойн үрийн сан бүрдүүлэх, улмаар ойжуулах, ойг нөхөн сэргээх ажилд мэдэгдэхүйц эерэг нөлөө үзүүлнэ гэж төсөл санаачлагч үзжээ.
Төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгодог тогтолцоог өөрчилж магадлан итгэмжлэлд хамрагдан зохих шаардлага хангасан аж ахуйн нэгж, байгууллага нь ойн аж ахуйн үйл ажиллагааг эрхэлж болох зохицуулалт хийсэн байна. Модлог ургамлын үр, үржлийн материалын асуудлыг хуульд тусгайлан заасан бөгөөд ойн үрийн гарал үүсэл, чанар, үрийн улсын нөөцийн сан, үрийн удмын сангийн хадгаламж байгуулах, судалгаа туршилтын лаборатори ажиллуулах эрх хэмжээг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхээр заажээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багаас хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Тухайлбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг “4.3.Энэ хуулийн 4.2-т заасны дагуу таримал ой, түүний дагалт баялгийг өмчлүүлэх асуудлыг орон нутгийн ойн ангийн тодорхойлолтыг үндэслэн энэ хуулийн 30.5-д заасан журмын дагуу шийдвэрлэнэ.” гэж, 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтыг “аймгийн байгаль орчны газрын харьяанд сум дундын ойн анги, нийслэлийн байгаль орчны газарт ойн асуудал эрхэлсэн нэгж байгуулж, бүтэц, орон тоог батлан, тэдгээрийн даргыг ойн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын даргатай зөвшилцөн томилж, чөлөөлөх;” гэж өөрчлөх саналыг олонх дэмжлээ. Түүнчлэн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсгийг “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, санхүүжүүлэх болон таримал ойг үнэлэх, хүлээн авах, улсын ойн санд худалдан авах, өмчлүүлэх журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.” гэж өөрчлөн найруулахыг дэмжсэн юм. Ийнхүү хуулийн төслийг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 72.9 хувь дэмжиж, эцэслэн батлав. Чуулганаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслтийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж байна.