НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганы өндөр түвшний долоо хоног мягмар гарагт Нью-Йорк хотноо эхэлж байна. Энэ өдрүүдэд дэлхийн улс орнуудын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд нар НҮБ-ын индрээс үг хэлэх бөгөөд хоёр талын болон олон талын олон арван уулзалт болж, олон улсын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэнэ.
Уулзалтуудын үеэр коронавирус болон бусад халдвартай хийх тэмцэл, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, хөгжиж буй болон ядуу орнуудын өрийн дарамт, хүнсний хямрал, зэвсэг хураах, цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн хэлснээр, энэ удаагийн чуулган олон улсын тогтолцооны хувьд сорилт болно.
Венесуэл, Иран, Турк, Франц, АНУ зэрэг 92 орны төрийн тэргүүн нар өндөр түвшний долоо хоногт илтгэл тавина.
Дөрвөн улсыг дэд Ерөнхийлөгч, 61 улсыг Засгийн газрын тэргүүн нар төлөөлөн оролцох бол хэд хэдэн орноос шадар сайд, Гадаад хэргийн сайд нар хүрэлцэн ирнэ.
Их Британийн хатан хаан II Элизабетыг оршуулах ёслолд оролцсонтой холбогдуулан зарим удирдагчийн үг хэлэх хөтөлбөр өөрчлөгдсөн байна.
Тухайлбал, Их Британийн шинэ Ерөнхий сайд Лиз Трасс Ерөнхий Ассемблейд есдүгээр сарын 22-ны орой илтгэл тавих төлөвтэй байна. Германы Канцлер Олаф Шольц есдүгээр сарын 23-нд үг хэлэх ёстой.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров есдүгээр сарын 24-нд илтгэл тавихаар төлөвлөж байгаа бөгөөд мөн энэ өдөр шадар сайдын түвшинд оролцох Хятадын төлөөлөгчид үг хэлнэ.
Есдүгээр сарын 16-нд НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд чуулганд цахимаар үг хэлэх эрхийг олгосон ч бусад хүнд ийм эрхийг олгосон нэмэлт өөрчлөлтийг хүчингүй болгожээ.
Зеленскийн илтгэлийг есдүгээр сарын 21-нд төлөвлөжээ. Баримт бичгийн дагуу тэрбээр хэлсэн үгийнхээ бичлэгийг өгөх ёстой. Украины Ерөнхийлөгчид цахимаар үг хэлэх эрх олгохыг ОХУ, Беларусь, БНАСАУ, Куба, Никарагуа, Сири, Эритрей зэрэг улсууд эсэргүүцжээ.
Чуулганы үеэр НҮБ-ын Дүрмийн анд нөхдийн бүлгийн уулзалт болно. Энэхүү бүлэгт Алжир, Ангол, Беларусь, Боливи, Венесуэл, Зимбабве, Иран, Камбож, Хятад, БНАСАУ, Куба, Лаос, Никарагуа, Палестин, ОХУ, Сент-Винсент ба Гренадин, Сири, Экваторын Гвиней, Эритрей улсууд багттдаг байна.
Есдүгээр сарын 20-нд болох дэлхийн хүнсний аюулгүй байдлын асуудлаарх өндөр түвшний уулзалтыг АНУ, ЕХ, Африкийн Холбоо даргалан явуулна. Есдүгээр сарын 21-нд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх улс орнуудын удирдагчдын дугуй ширээний уулзалтыг зохион байгуулна.
Украины байдлыг есдүгээр сарын 22-нд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн сайд нарын хуралдааны үеэр хэлэлцэнэ.
Есдүгээр сарын 23-нд цар тахалтай тэмцэх асуудлаар өндөр түвшний арга хэмжээ зохион байгуулна.