Одоогоос арваадхан хоногийн өмнө Монгол Улс “Авлигын төсөөллийн индекс 2022” үзүүлэлтээр авлига өсөж буй арван орны нэгээр бичигдсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ 2023 оныг авлигатай тэмцэх жил болгон зарлахаар болжээ.
Энэ хүрээнд дараах таван сонирхолтой ажиллагааг хэрэгжүүлэх гэж байгаа аж.
Нэгт.Шүгэл ажиллагаа:
- Авилга албан тушаалын гэмт хэргийн талаар нийтийн эрх ашгийн төлөө мэдээлж байгаа шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төслийг УИХ-ын хаврын ээлжит чуулганаар батлуулах
- Шүгэл үлээх үйл ажиллагааг бүх талаар дэмжих хөдөлгөөн байгуулж, авлигыг үл тэвчих, үл эвлэрэх хандлагыг төлөвшүүлэх, олон нийтийн дэмжлэг авах
- Төрийн үйлчилгээний хүнд суртал, чирэгдлийг багасгах, иргэд хувийн хэвшлийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах
Хоёрт.Шүүр ажиллагаа:
- Улс төрд нөлөө бүхий этгээдийн хууль ёсны орлогоос давсан хэрэглээг таслан зогсоох, нийтийн албанд танилын хүрээгээр томилогдохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх
- Авлига, албан тушаалын гэмт хэргийн хариуцлага гарцаагүй байх, холбогдсон этгээдийг нийтийн албанаас шүүрдэн цэвэрлэх
- Төрийн алба, төрийн өмчийг “шимэгчид”-ээс салгах
- Авлига, албан тушаалын гэмт хэргийг хуулийн хүрээнд бүрэн гүйцэд, шуурхай шалган шийдвэрлүүлэх
Гуравт.Шувуу ажиллагаа:
- Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гадаад улс руу оргон зайлсан этгээдийг Монгол Улсын олон улсын гэрээ, хууль тогтоомжийн хүрээнд эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх
- Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх чиглэлээр шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх
- Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах
Дөрөвт.Шилжүүлэн авах ажиллагаа:
- Оффшор бүс болон гадаад улсад нуун дарагдуулсан хууль бус хөрөнгийг илрүүлэн буцаан авчрах
- Гэмт хэргийн замаар олсон хөрөнгө, орлогыг хураах үйл ажиллагааг ил тод болгох, сан бүрдүүлж, олон нийтийн оролцоотойгоор зарцуулах тогтолцоог бүрдүүлэх
Тавд.Шил ажиллагаа:
- Цахимжилтыг эрчимжүүлж, төрийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, хүнд суртлыг арилгах, бүх төрлийн сонгон шалгаруулалтыг нээлттэй болгох
- Төрийн өмчит компаниудыг олон нийтийн хяналттай, нээлттэй компани болгох, ур чадвар бүхий менежментийн багийг ажиллуулах
- Улс төрийн намын хууль, эрх зүйн орчныг сайжруулж, улс төрийн болон улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгох, олон намын оролцоотой шударга өрсөлдөөнтэй, ардчилсан парламентын засаглалыг төгөлдөржүүлэх
- Ёс зүйтэй, шударга өрсөлдөх орчныг бүрдүүлж, цэвэр, тунгалаг, бизнес эрхлэхүйг дэмжинэ.