Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтад өнгөрсөн онд 3716 зохицуулалттай этгээд, 2376 даатгалын төлөөлөгч үйл ажиллагаа явуулж, санхүүгийн салбарын зах зээлийн үнэлгээ, нийт хөрөнгө ДНБ-ий 23.2 хувьтай тэнцжээ.
Хөрөнгийн зах зээл: Системийн нөлөө бүхий 2 банк олон нийтэд хувьцаагаа арилжиж нээлттэй хувьцаат компани болж, төрийн өмчит компанийн хувьчлал явагдсанаар зах зээлийн үнэлгээ өмнөх оныхоос 15.2 хувиар нэмэгдэж 6.9 их наяд төгрөгт хүрэв. Мөн 594.5 тэрбум төгрөгийн үнэт цаас зах зээлд арилжаалагдсанаас хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас зах зээлд нийлүүлэлт ихтэй жил байлаа. Харин биржийн бус зах зээлд нийт 45 үнэт цаас гаргагч 52 компанийн бондыг гаргаж 498.3 тэрбум төгрөгийг амжилттай татан төвлөрүүлсэн байна.
Даатгалын зах зээл: Хөрөнгийн нийт хэмжээ өмнөх оныхтой харьцуулахад 11.6 хувиар өсөж 474.9 тэрбум төгрөгт хүрснээр тогтвортой өсөлтөө хадгалж чадлаа. Ердийн болон урт хугацааны даатгалын компаниуд 483.4 их наяд төгрөгийн даатгалын үнэлгээ бүхий зүйлсийг даатгажээ. Нийт хураамж өмнөх оныхтой харьцуулахад 23.6 хувиар өсөж, 300.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Нөхөн төлбөрт хураамжийн орлогоос 94.4 тэрбум төгрөг зарцуулсан нь өмнөх оныхоос 34.9 хувиар нэмэгджээ.
Банк бус санхүүгийн салбар: Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийг үе шаттай нэмэх бодлогын арга хэмжээг өнгөрсөн онд хэрэгжүүлснээр нийт хөрөнгө өмнөх оныхоос 30.2 хувиар өсөж 3.5 их наяд төгрөгт хүрсэн байна.
Хадгаламж, зээлийн хоршоо: Салбарын хувьд нийт зээлийн үлдэгдэл өмнөх оныхоос 1.5 хувиар багасаж, 210.2 тэрбум төгрөгт хүрч, чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оныхоос 0.2 пунктээр буурч 3.3 хувь болжээ.
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын салбар: Нийт 1,705.3 тэрбум төгрөгийн худалдах, худалдан авах, 102.1 тэрбум төгрөгийн үл хөдлөх эд хөрөнгийг хөлслүүлж, түрээслүүлэх үйл ажиллагааг тус тус зуучилсан нь өмнөх оныхоос өсөлттэй гарлаа.
Үнэт металл, үнэт чулууны арилжаа: Хуулийн 47 этгээд, 465 иргэн тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Эдгээр нь өнгөрсөн онд 670.8 тэрбум төгрөгийн үнэт металл худалдаж, 700.1 тэрбум төгрөгийн үнэт металл худалдан авсан байна.