“Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”-г анх удаа боловсруулаад байна. Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ төлөвлөгөөний төслийг Нийслэлийн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.
Мөн “Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөө”, Нийслэлийн газар зохион байгуулалтын энэ оны төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөний төсөл, 2021 оны өмч хувьчлалын орлого, төлөвлөгөөний биелэлт, ирэх оны төлөвлөгөөг хэлэлцүүлсэн юм.
Нийслэлийн 2022 оны хөгжлийн төлөвлөгөөний төслийг боловсруулахдаа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Эрүүл мэндийг хамгаалж, эдийн засгаа сэргээх цогц төлөвлөгөө, Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө зэрэг дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг, зорилтод нийцүүлжээ.
Нутгийн захиргааны 90 байгууллагаас 753 санал авч нэгтгэжээ. Төлөвлөгөө нь цар тахлаас үүдэлтэй эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг багасгах бодлого гэсэн 7 бүлэгт багтсан 522 үйл ажиллагаанаас бүрдэж байна.
Төлөвлөгөөнд тусгасан эдийн засаг нийгмийн хүндрэлийг даван туулах бодлогын хүрээнд Нийслэлийн шуурхай штаб байгуулж, нутгийн захиргааны байгууллагын уялдаа холбоог сайжруулан, бараа материалын хүрэлцээ хангамжийг сайжруулах, цар тахлын өвчлөл, нас баралтыг багасгаж, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, аж ахуйн нэгж, байгууллагад үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломж олгох зорилт багтжээ. ЕБС-ийн сурагчдын хоцрогдлыг арилгахыг дэмжих сургалт зохин байгуулахаар төлөвлөсөн аж.
Хот орчимд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хүн амын хүнс, цахилгаан хангамжийг сайжруулж гэр хороолол, зуслангийн бүсийн айл өрхийг гэрэл цахилгаанд холбох, нийтийн тээврийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, багтаамж ихтэй нийтийн тээвэр нэвтрүүлэхийг зорьж байна. Нийслэлд 10.2 км автозам барих, түгжрэлийг 15 хувиар багасгах зэрэг тулгамдсан асуудлыг ч багтаажээ.