Хот байгуулалт, хөгжлийн газраас барилга барих болон барилгын чиглэлийн зөвшөөрлүүдийг цахимд шилжүүлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллаж эхэлжээ.
Загвар зураг батлуулах, техникийн нөхцөл авах, барилгын ажлын зураг, магадлал хийлгэх гэхчлэн бүх үйлчилгээг үе шаттай цахимжуулна.
Нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хурлын үеэр тус байгууллага барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааг цахимжуулах ажлаа танилцуулж, хот байгуулалтын мэдээллийн сан байгуулсан тухайгаа мэдээлэв. Энэ сан нь байр зүйн зураг, хот байгуулалтын менежментийн системээс бүрддэг.
Нийслэлийн байр зүйн зургийн мэдээллийн санд одоогоор 80 мянган ам метр талбайн зургийг багтаажээ. Хот байгуулалтын мэдээллийн санг баяжуулах ажлыг Хот байгуулалт, хөгжлийн газар хариуцахын сацуу архитектур төлөвлөгөөний байршлын схем, барилгын ажлыг үргэлжлүүлэх зөвшөөрөл зэрэг лавлагаа мэдээллийг хэвлэн гаргадаг байна.
Эдгээр систем нь иргэд, олон нийтэд нээлттэй бөгөөд 3415 барилгын талаарх бүх мэдээлэл байршжээ. Хот байгуулалтын чиглэлийн 22 үйлчилгээг цахимжуулснаас хамгийн эрэлттэй 6 төрлийн 8 үйлчилгээний хүсэлтийг цахимаар авдаг. Энэ оны эхний хагас жилд барилга байгууламж барих нийт хүсэлтийн 21 хувийг цахимаар авчээ.
Ингэснээр нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулж хүсэлт илгээсэн иргэн 6-9 хоногт хариу авдаг байсан бол цахимд шилжсэнээр 1-2 хоногт хурдан шийдэх болжээ. Хот байгуулалт, хөгжлийн газраас энэ ондоо багтаан цахим үйлчилгээг 36 хувьд хүргэх зорилготойгоо танилцуулсан аж.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд цахим системд шилжих нь сайшаалтай ч хуурамч бичиг баримт бүрдүүлэх шинэ төрлийн бизнес болохоос сэрэмжилж, цахим системийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангахыг сануулаад, ,цахим гэмт хэрэг, залилан их хэмжээгээр гарч байгааг анхааруулжээ.