Богд Зонховагийн хөшөөг 32 тэрбум төгрөгөөр барих төсвийг УИХ 2021 оны улсын төсөв дээр баталжээ. Гандан орчмын тохижилтын ажил гэх тодотголтой Тасганы овоон дээр баригдах энэ хөшөөнд 2021 оны улсын төсөвт 5,5 тэрбум төгрөг төсөвлөн баталж, ажил нь эхэлсэн. Үргэлжлүүлээд 2022 оны төсөвт нийт өртөг 32 тэрбумаас 10 тэрбумыг нь суулган баталжээ. Яагаад Богд Зонховагийн хөшөөг Тасганы овоонд барих болсон, энэ нь Улаанбаатар хот, улс орны хөгжилд ямар ач холбогдолтой, улс үндэстний хувьд ямар үзэл санаа тээж байгааг одоогоор албаныхан тайлбарлаагүй байна. Богд Зонховагийн түүхийг харвал шарын шашныг шинэчлэх үзэлтэн байжээ.
Богд Зонховагийн хөшөө хэний ажил вэ?
Харьяаллаараа Богд Зонховагийн хөшөөны ажил Соёлын сайд Ч. Номингийн төсвийн багцад хамаарна. Тиймээс цар тахлын хүнд нөхцөлд 32 тэрбум төгрөгөөр хөшөө барих санал гаргаж батлуулсан хэмээн Соёлын сайд Ч.Номинг юун түрүүнд улс даяараа шууд “зүхэв”. Гэхдээ мэдээлэл нэмж гарахын хэрээр энд зөвхөн сайд Ч.Номин ч биш өөр бусад хүмүүс ч хамаатай нь ил болов. Төсвийн төсөлд саналыг Байнгын хороон дээр орж ирэх үед нь УИХ-ын гурван буюу УИХ-ын дарга Г.Занданшатар, гишүүн Ц.Анандбазар, Д.Цэрэнпунцаг нар нэмж оруулжээ. Тухайн үед одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байжээ. Харин 2022 оны улсын төсөв одоогийн Сангийн сайд, Засгийн газарт шууд хамаарна. Гэвч тэдний аль нь ч дээрх төслийг зогсоогоогүй. УИХ ч ногоон гэрлээр баталжээ.
Шантааж: Зонхов уу, суудал уу?
Төсөвт юу тусгах, тусгахгүйг эрэмбэлэх нь нэн тэргүүнд Засгийн газрын ажил. Энэ өнцгөөс харвал Богд Зонхавагийн хөшөөг Засгийн газар санал оруулаагүй ч, эсэргүүцэж болох байсан. Гэвч төсөвт анх суулгасан 2020 онд тухайн үед Сангийн сайд байсан Ч.Хүрэлбаатар ч, Ерөнхий сайд байсан У.Хүрэлсүх ч, Соёлын сайд нь ч эсэргүүцээгүй. УИХ-ын гишүүд нь ч шууд баталжээ. 2022 оны төсвөөс ч дээрх хөрөнгө оруулалтыг хасаж болох байснуу гэвэл болох л байсан. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Соёлын сайд Ч.Номин үүнийг эсэргүүцсэн ч Их хурлын зүгээс шахалт үзүүлжээ. Гэхдээ энд Соёлын сайдыг зөвтгөх аргагүй. Эцсээ хүртэл байр сууриа хамгаалаад шинэ үеийн залуу сайдын “өөр”-ийг харуулж зарчимдаа үнэнч үлдэж болох л байсан. Тэгвэл Ч.Номингоос өөр хүн Соёлын сайд байсан бол яах вэ? Алдарт сайд Ч.Хүрэлбаатарын үед энэ төсөл батлагдсаныг бодвол өөр хэнбуйгайн байгад ч одоогийн нөхцөлд үүний эсрэг зогсож чадах байсан нь юу л бол. Нэр цэвэр, зарчимдаа үнэнч үлдье гэвэл сайдын суудлаасаа л татгалзах байсан байх.
Тархинд уу? Тогтолцоод уу?
Улсын төсөв гэдэг уул нь том сонсогдох ч, 28 жижиг тойрогт л дийлэнхи нь хуваарилагдана. Тойргийн төсвөө хүссэнээрээ батлуулахын тулд УИХ-ын гишүүнд Засгийн газрыг дээрхийн адилаар шахна. Учир нь тэд л төсвийг баталдаг. Ингээд эхийг нь эцээж тугалыг нь тураахгүйгээр төсвөө батлуулах гэж Засгийн газар нь ухаанаа уралдуулна. Үр дүнд нь Богд Зонховагийн хөшөө мэтийн хөрөнгө оруулалттай төсөв батлагдана. Энэ тохиолдолд Засгийн газар нь хатуу чанга, хүчтэй том байхад л болчих мэт. Гэтэл Засгийн газарт хяналт тавих, хариуцлага хүлээлгэх эрх нь УИХ-д бий. Энэ өнцгөөс харвал мянган хүчтэй Засгийн газар байгаад ийм ашиг сонирхолтой УИХ-ын ард гарна гэдэг боломжгүй. Тиймээс УИХ-ын гишүүдийн тархийг өөрчилж байж л хөшөөгүй төсөв батална гэсэн үг. Эсвэл бүр жижиг можаритараас татгалзсан сонгуулийн тогтолцоотой болох хэрэгтэй. Гэхдээ л ямар ч тогтолцоог хүн л авч явдаг. Тиймээс Соёлын сайдыг зүхэж буй сонгогч та бид эхлээд мөнгөний хамаарлаар бус “толгойгоор” сонголтоо хийдэг болох хэрэгтэй болно. Ингэж байж бид хөшөө дурсгалаар бус хүний тархийг шүтдэг, хөгжилтэй улс болно. 32 тэрбум төгрөгөөр хөшөө барихыг эсэргүүцэж байгаагаас харвал уул нь бид эрүүл ухаантай л байгаа бололтой. Сонголтондоо л үүнийгээ ашиглая!
Алдаагаа яаж засах вэ?
Олон нийтийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул Соёлын сайд Ч. Номин сайд хийж байх хугацаандаа Богд Зонховагийн хөшөөнд зориулж нэг ч төгрөг зарцуулахгүй гэдгээ цахим хуудсаараа мэдээлжээ. Мөн УИХ-ын шударга гэгдэх зарим гишүүд ч үүнийг огт мэдээгүй хэмээн цахим хуудастаа бичсэн байна. Бүр зарим нь ҮХЦ-д хүртэл хандлаа. Шинэ үеийн төлөөлөл гэж тодорхойлуулдаг ХҮН-аас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Доржханд төсөв батлагдах үед энэ тухай дуугараагүй ч ҮХЦ-д хандахаа илэрхийлжээ. Энэ мэт олон янзын мэдэгдэл, үйлдлүүд гарч алдаагаа засах гэж оролдож байна. Гэхдээ нэгэнт баталсан хуулийг дур мэдэн өөрчлөх боломжгүй. Бас хөрөнгө мөнгө зарцуулахгүй гэвэл хууль зөрчинө. Үлдсэн гарц нь төсөвт тодотгол хийх, эсвэл Ерөнхийлөгч хориг тавих. Ингэж байж УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч алдаагаа засна.