Соёлын сайд Ч.Номин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньруйг Соёлын яаманд өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч.Номин ноён Элчин сайдтай биечлэн уулзаж, Монгол Улс, БНХАУ-ын соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцох завшаан тохиосонд талархал илэрхийлж, яриа дэлгэв.
1994 онд Монгол Улс, БНХАУ соёлын салбарт хамтран ажиллах тухай анхны хэлэлцээр байгуулсан бөгөөд хоёр орны харилцаа өргөжин тэлэхийн хэрээр соёлын салбарын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаа юм. Үүний сацуу Монгол Улсын Засгийн газар соёлын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагыг байгуулж, Монгол Улсын Их Хурал соёлын тухай хууль тогтоомжийг орчин цагтай нийцүүлэн шинэчилж байгаа. Иймд, хоёр улсын байгуулсан соёлын салбарт хамтран ажиллах хэлэлцээр, Соёлын яам хоорондын хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг баримт бичгийг ээлж дараатай шинэчлэх асуудлаар талууд ярилцаж, ойлголцолд хүрлээ.
Ноён Элчин сайд Цай Вэньруй мөн соёлын салбарт гарч байгаа соёлын тухай хууль тогтоомжуудыг анхааралтай ажиглаж байгаагаа хэлж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өчигдөр өргөн барьсанд нь баяр хүргэж, шинээр гарч байгаа болон шинэчлэн найруулсан соёлын салбарын хууль, Засгийн газраас дэмжиж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийн бодлогын хүрээнд хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.
Мөн энэ онд хамтран хэрэгжүүлэх зарим асуудлыг тохиролцов. Тухайлбал, БНХАУ-ын Wechat, Youku зэрэг олон нийтийн сүлжээнд монгол уран бүтээлчдийн оюуны бүтээлийг зохиогчийн эрхгүйгээр хуулбарлан түгээх, зарж борлуулж буй асуудлыг Соёлын сайд Ч.Номин хөндөж, оюуны өмчийг харилцан хамгаалах асуудлаар баримт бичиг боловсруулж, мөрдөхөөр талууд тохиролцлоо.
Хоёр улсын соёлын хамтын ажиллагаанд мөн чухал байр суурь эзэлдэг салбар нь циркийн урлаг байдаг. Энэ уламжлалт харилцааг сэргээхдээ соёлын солилцооны хөтөлбөрийг шинэчлэх, өргөжүүлэх замаар БНХАУ-ын Соёл, урлагийн их сургуульд Монголын циркийн уран бүтээлчдийг богино, дунд хугацаанд сургахаар ярилцав. Соёлын солилцооны энэ хөтөлбөр нь “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр удаашралтай байсан ч энэ оны 9-р сараас эхлэн хэрэгжүүлж эхлэх боломжтой гэж үзэж байгаа юм.
Мөн хоёр улсын соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний урлагийн их театрыг барьж байгуулах хөрөнгө оруулалтын төсөл хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн Төрийн айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон дээрх төслийг эхлүүлэхийн тулд Соёлын яам бэлтгэл ажлаа бүрэн хангасан талаар Соёлын сайд Ч.Номин танилцуулж, Үндэсний урлагийн их театрын барилгын ажлыг эхлүүлэхэд бэлэн болсон гэдгийг мэдэгдлээ.
Уулзалтын төгсгөлд талууд соёлын салбарын хамтын ажиллагааны хүрээнд цаашид идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлэв.