УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Байнгын хорооны дарга Б.Энхбаяр энэ үеэр ХЭҮК-ын тухай хуульд “Комиссын илтгэлийг жил бүрийн хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, илтгэлээр өгсөн санал зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар УИХ-аас тогтоол гаргана” гэж заасан байдгийг танилцуулав. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Ц.Мөнхцэцэг гишүүн асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын асуудлыг дагнан хариуцан санал дүгнэлт гаргаж, түүнийгээ харьяалагдах байнгын хороонд, шаардлагатай бол байнгын хороогоор уламжлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх, хариуцсан асуудлын хүрээнд хянан шалгах чиг үүргийг УИХ-ын Хүний эрхийн дэд хороо хэрэгжүүлдэг. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд тус хороонд ирсэн өргөдөл гомдлын 80 хувийг шүүхийн зөвшөөрөлгүй цагдан хоригдсон, баривчлагдсан, мөрдөн байцаах шатанд эрүүдэн шүүсэн байх магадлалтай талаарх өргөдөл гомдол эзэлж байгааг хэлсэн.
Хэлэлцэж буй уг тогтоолд “…эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах” гэж тусгасан байгаа бөгөөд энэ талаар ХЭҮК ямар байр суурьтай байгааг тодрууллаа. Мөн илтгэлд дурдагдсан ахмадын эрхийн хэрэгжилттэй холбоотой эрх зүйн ямар шинэчлэл шаардлагатай байгааг лавласан юм. ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэний асуултад хариулт өгөв. НҮБ-ын гишүүн 192 орны хүний эрхийн төлөв байдлыг 4 жил тутам дүгнэн хэлэлцэх шинэ механизм болох Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR-Universal Periodic Review) болдог. НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн ажлын багийн 36 дугаар чуулганаар Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн бөгөөд энэ үеэр цөөнгүй улс эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах саналыг хэлж байсан гэлээ. Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцсэн тухай UPR-ийн ажлын хэсгийн тайланд үндэслэн 170 гаруй зөвлөмжийг Монгол Улсад өгсний ихэнх нь дээрх агуулгатай байсныг Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн хэлэв. ХЭҮК эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах ажлыг бүрэн дэмжиж байгаа илэрхийлж, энэ талаарх санал зөвлөмжийг олонтаа гаргаж байсан талаар тус Комиссын дарга Ж.Хунан хэлэв.
Энэ удаагийн илтгэлийн хүрээнд ахмад настны эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Ахмад настны тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай болон нийгмийн даатгалын шимтгэл болон татвартай холбоотой асуудлуудаар эрх зүйн өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай байгаа талаар илтгэлд тусгасныг Комиссын гишүүн Д.Сүнжид тайлбарлав. Тогтоолын төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан Д.Цогтбаатар, Ц.Мөнхцэцэг, Б.Энхбаяр нарын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагчдын гэр бүлийн нийгмийн асуудлыг тусгай нөхцөлөөр хуульчлан зохицуулах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хэлсэн бол Жагсаал цуглаан хийх журмын тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан өргөн мэдүүлэхийг дэмжиж буйгаа Д.Цогтбаатар гишүүн илэрхийлсэн.
Байнгын хорооны дарга Б.Энхбаяр, Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл нь долоон бүлэгтэй бөгөөд энэ илтгэлийг байнгын хороо хоёр өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, үргэлжлүүлэн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн болохыг тэмдэглэн хэлэв. Ингээд УИХ-ын тогтоолын төсөл боловсруулан, хэлэлцэж байгааг дурдав. Хэлэлцэж буй тогтоолын төсөлд илтгэлийн нэгдүгээр бүлэг буюу “Халдашгүй чөлөөтэй байх эрхийн талаар” сэдвийн хүрээнд 9 асуудалд анхаарч арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон байна. Мөн дөрөвдүгээр бүлэг буюу хүүхдийн эрхийн талаар 3 чиглэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авахыг, тавдугаар бүлэг буюу ахмад настны эрхийн хэрэгжилтийн талаар 4, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар 2 чиглэлд анхаарал хандуулж, арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгахаар тусгасан байна. Түүнчлэн Жагсаал цуглаан хийх журмын тухай болон Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан, өргөн мэдүүлэхийг, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлж, авч хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдмэл байдлаар тодорхойлох, цалинг инфляцын түвшинтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлэхийг, хоригдлын хөдөлмөр эрхлэлтийн асуудлаар зарим арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг тус тус даалгахаар төсөлд тусгасныг Б.Энхбаяр гишүүн хэллээ.
Ийнхүү гишүүд төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 12 гишүүний 66.7 хувь нь “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.