Нийслэлийн өвлийн бэлтгэл хангах хүрээнд 658 төсөл, үйл ажиллагаа төлөвлөсөн нь 84.6 хувийн биелэлттэй байна.
Үүнээс ЭХЯ-тай хамтран Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн гол шугам тоноглол, 2023 оны зуны их, урсгал засварын төлөвлөгөөг баталж, улс, нийслэлийн хөрөнгө, гадаадын зээл тусламжаар 19 байршилд 28.1 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн, шинэчлэх, шинээр татах ажлыг энэ оны тавдугаар сарын 15-наас эхлүүлээд байгаа юм.
Одоогоор засвар, шинэчлэлийн ажил 89.3 хувьтай байна. Үүнээс Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр, ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугамын өргөтгөл, шинэчлэл 97.8 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Харин ЕСБХБ-ны санхүүжилтээр 2 байршилд 3 км дулааны хос шугам шинээр татахаар төлөвлөн, худалдан авах ажиллагааг зарлажээ.
“УСУГ-аас шугам сүлжээ, барилга байгууламжийн өргөтгөл, шинэчлэл, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээтэй холбоотой 32 нэр төрлийн ажил хийхээс биелэлт 83.1 хувьтай байгаа. ОСНААУГ зуны засвараар 8 байршилд 3.6 км хос шугам сүлжээ, бусад засвар хийж байна. Инженерийн шугам сүлжээний их болон урсгал засвар 83 хувьтай байгаа, есдүгээр сарын 15 гэхэд 100 хувь дуусгана. Мөн инженерийн шугам сүлжээ, ариутгах татуургын худгийн засвар, түвшин тааруулах ажил 75 хувьтай байгаа”-г нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.
Тэрбээр “Хот тохижилтын газар, дүүргүүд, хувийн хэвшлийн тохижилт үйлчилгээний компаниуд 6057 тонн бодис, 6235 тонн давс нөөцлөхөөс одоогоор 1121 тонн бодис, 3025 тонн давс нөөцлөөд байна. Зам талбайн цэвэрлэгээний 25 байгууллагын 290 тусгай зориулалтын тоног төхөөрөмжид засвар, үйлчилгээ хийн, өвөлд бэлдэж байна. БНХАУ-аас бодис цацах 11 техник, зам талбайн шүүрт машин зургааг захиалсан” гэв.