Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд гарч буй үр дүн, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар өнөөдөр холбогдох албаны хүмүүс олон нийтэд мэдээлэл хийлээ.
Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр энэ үеэр хэлэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг нь архидан согтууруулахтай тэмцэх, архины зүй зохистой хэрэглээг бий болгох, архины зохисгүй хэрэглээг бууруулах чиглэлд бодлогын шинэчлэл хийсэн зарлиг болсон хэмээн онцолсон юм.
Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, анагаах ухааны доктор Т.Мөнхсайхан “Энэ он гарсаар улсын хэмжээнд анх удаа согтууруулах ундааны хэрэглээ буурсан дүн мэдээ гарлаа. Энэ оны эхний найман сарын байдлыг өнгөрсөн онтой харьцуулахад архи, согтууруулах ундааны борлуулалт 2 сая литрээр багассан байна. Өнгөрсөн онд 16 сая литр архи борлуулагдаж байсан бол энэ он гарсаар 14 сая литр болж багассан байна.
Мөн нөгөөтэйгүүр өндөр градустай архины хэрэглээ багасаж, бага градустай архи, согтууруулах ундаа хэрэглэх явдал нийгэмд зонхилох болсон. Өөрөөр хэлбэл, 38 градустай архины хэрэглээ буурсан гэсэн үг. Тусгай санд 4 тэрбум төгрөг төвлөрсөн ба түүгээр архины хэрэглээг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг зохион байгуулах, донтох эмгэгтэй иргэдийг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Хамгийн гол нь архины хэрэглээтэй холбоотой нийгэм, эдийн засгийн салбарт гарч буй сөрөг нөлөөллийг бууруулахыг чухалчилж буй. Энэ хүрээнд авч үзвэл, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үед үйлдэгдсэн гэмт хэргийн гаралт 15.8 хувиар бууруулсан мэдээтэй байна” гэлээ.
НЦУГ-ын дэд дарга, цагдаагийн хурандаа О.Оюутболд “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх хууль энэ оны нэгдүгээр сарын нэгнээс орон даяар хэрэгжиж байна. Үүнтэй холбогдуулж цагдаагийн байгууллага согтуугаар үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн тоон үзүүлэлтийг нэгтгэхэд, өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан гэсэн эерэг үзүүлэлт гарсан. Тухайлбал, цагдаагийн байгууллагад он гарсаар 25.392 гэмт хэрэг бүртгэгдсэний 3289 нь буюу 13 хувь нь согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Тэдгээр гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 15.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
Зөрчлийн тухайд мөн адил 13.6 хувиар буурсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад торгуулсан, улмаар эрхээ хасуулсан 28561 зөрчил бүртгэгдсэн байна. Энэхүү үзүүлэлтийг өнгөрсөн онтой харьцуулахад 26 хувиар буурсан аж. Эдгээр эерэг тоон үзүүлэлт нэгтгэгдэн гарахад нөлөөлсөн хүчин зүйл бол, зорилтот бүлгийн иргэд рүү чиглэсэн ажлыг зохион байгуулсантай холбоотой юм” гэсэн мэдээллийг өглөө. Үүний зэрэгцээ нэг нэгнийгээ архиар шахахыг хориглосон, олон нийтийн арга хэмжээний үеэр 18 болон түүнээс бага градустай архи, согтууруулах ундаа худалдан борлуулах хязгаарлалтыг тогтоосон, согтууруулах ундаа худалдан борлуулж буй аж ахуйн нэгжүүдэд тавих хариуцлагыг нэмэгдүүлсэн зэрэг зүйл заалтыг зохих хуульд тусгасан бөгөөд ухуулга, нөлөөллийн ажлыг шат дараатай зохион байгуулсан нь нөлөөгөө өгч байгаа болохыг тэрбээр хэллээ.
“Эрүүл монгол хүн” төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Чимэдсүрэн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн 43 тоот зарлиг 2022 оны дөрөвдүгээр сард гарч, долоодугаар сараас томоохон хуулиудад өөрчлөлт орж, тэдгээр хууль нь энэ оны эхнээс хэрэгжиж буй. Эдгээр цогц арга хэмжээ хэр үр дүнгээ өгч байна вэ гэдгийг харьцуулсан харьцуулалтыг албаны хүмүүс сая танилцууллаа. Манай улсын нийт хүн амын 1.2-1.4 сая нь хүүхэд залуус юм. Тиймээс хүн амыг архины хэрэглээгүй буюу зохистой хэрэглээтэй иргэн болгож төлөвшүүлэхийн тулд Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Одоо энэ чиглэлд чамгүй ажлууд хийгдэж байна. Үүний дараагаар 18-40 хүртэлх насныхан руу чиглэсэн тодорхой ажлыг зохион байгуулж байгаа ба ирэх 11 дүгээр сард оюутнуудад чиглэсэн арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулна. Мөн шинэ жил, цагаан сар, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр гэхчлэн архины худалдаа, хэрэглээ нэмэгддэг цаг үед хамаарах шат дараатай ажлыг явуулна” гэв.