Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр /2025.10.30/ “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдоржид өргөн мэдүүллээ.
Тус тогтоолын төслийг “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-тэй уялдуулан боловсруулсан бөгөөд “Хүний хөгжил”, “Нийгмийн хөгжил ба үндэсний нэгдмэл үнэт зүйл”, “Эдийн засаг ба дэд бүтцийн хөгжил”, “Байгаль орчин, ногоон эдийн засаг”, “Засаглал, дижитал шилжилт”, “Бүсийн хөгжил”, “Үндэсний өрсөлдөх чадвар”, “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун” гэсэн бодлогын найман чиглэлээс бүрджээ.
Бодлогын найман чиглэлийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хүний хөгжлийн үзүүлэлтийг 0.813 оноонд хүргэхээр, зохистой хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж, дундаж давхаргын эзлэх хувийг 20 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан байна. Мөн үндэсний нэгдмэл үнэт зүйлсийн үзүүлэлтийг 55 хувьд хүргэх, орон нутгийн хөгжлийн үзүүлэлтийг 20 хувиар нэмэгдүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6.0 хувиас дээш түвшинд тогтвортой хадгалахаар Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Түүнчлэн Монгол Улсыг өрсөлдөх чадварын үзүүлэлтээр шилдэг 50 орны нэг болох зорилтыг ирэх таван жилд хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн байна.

Тогтоолын төслийг дагалдуулж хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг өргөн мэдүүллээ. “Монгол Улсын 2026-2030 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн 66.6 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан ба тэдгээрийг нийт 55.2 их наяд төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр төслүүдийн 44.8 хувь буюу 39 төслийг улс, орон нутгийн төсвөөр, 28.7 хувь буюу 25 төслийг гадаадын зээл, тусламжаар, 16.1 хувь буюу 14 төслийг шууд хөрөнгө оруулалтаар, 3.4 хувь буюу гурван төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлээр, 2.3 хувь буюу хоёр төслийг Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаасаар, 3.4 хувь буюу гурван төслийг холимог эх үүсвэрээр, 1.1 хувь буюу нэг төслийг бусад эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна.
“Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд үндэсний 10, салбарын 35, төсвийн ерөнхийлөн захирагчийн 85, хөтөлбөрийн 200 үр дүнг тус тус тодорхойлсон байна. Тогтоолын төслийг боловсруулах ажлын хүрээнд 14 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулснаараа онцлогтой гэж Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал онцолсон юм.



