УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХБАЯР:
-Хэлэлцэх асуудлын дөрөвдүгээрт УИХ-ын даргын 2021 оны 33 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсох юм байна. Гол агуулга нь АН-ын дарга цэргийн асуудал байна. Энэ асуудал шүүхэд явж байгаа гэж ойлгож буй. Үндсэн хуулиар шүүхэд хэлэлцэж байгаа маргаантай асуудлыг ярьж болж байна уу. Шүүхийн хуулийг бид гаргахдаа УИХ шүүхийн хэлэлцэж буй асуудлаар ярьж болохгүй, тэгвэл Үндсэн хуулийн цэцэд очно гэж бид өөрсдөө нэлээд “чангалсан”. Хэлэлцэж байгаад бүгд Цэц рүү гүйгээд очих юм биш биз дээ. Ажлын хэсгээс асууя. АН-ын дарга цэрэг хэн байх юм гэдэг асуудал ярих гэж байгаа бол би оролцмооргүй байна. АН-ынхан асуудлаа өөрсдөө шийдэх хэрэгтэй. Өөр намын дотоод асуудлыг эрх байхгүй.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Өнгөрсөн долоо хоногт гурван мөрдөгч нэг этгээдэд 15 хэргийг хийсэн болгож, эрүүдэн шүүж, ял авлаа. Гэтэл 2019 оны намар энэ үйл явдал болсон байна. 461 дүгээр ангид цагдан хоригдож буй хүмүүс улсын өмгөөлөгч авдаг тохиолдол их байдаг юм шиг байна. Тэдний зүгээс тавьж буй гол асуудал нь өмгөөлөгчийн бараа харчих юмсан гэдгээ ярьдаг. Энэ хийдлээр хүний эрх зөрчигддөг. Цаанаа хэрэг хүлээлгэдэг ял наймаалцдаг байдал хэвээрээ байгаа нь нотлогдлоо. Цагдан хорих байранд ял наймаалцдаг асуудал байгаа гэж хуулийнхан хэлж байна. Гол оролцож буй хүмүүс нь мөрдөгчид, гүйцэтгэх ажиллагааныхан байдаг. Камергүй буланд очиж эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэдэг асуудал ч сонсогдож байна. Энийг эрс таслан зогсоох тал дээр юу бодож байна вэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ДЭЛГЭРСАЙХАН:
-Б.Энхбаяр гишүүний ярьж буй үнэн. Улсын өмгөөлөгчийн хувьд өөрийгөө хамгаалах чадваргүй, мөнгө санхүү байхгүй хүмүүст туслалцаа үзүүлж буй учраас ачаалал их байна. Хоёрдугаарт, хөрөнгө мөнгөний асуудалтай холбоотой. Бодит байдалд ганц худаг орох мөнгөгүй байгаа. Хөрөнгө, мөнгийг шүүх прокурортой ижил болгосноор ахиц гарна. Энэ талаар шинэ хуульд зүйл заалт оруулж байгаа. Ял наймаалцдаг асуудал хэрэг мөрдөлт, мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийг оролцуулахгүй байгаад байгаа юм.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД:
-Улсын өмгөөлөгчөөр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчийн хувьд хууль зүйн туслалцаа авсан уу үгүй юу гэдэг судалгаа байна уу. Хоёрдугаарт, 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг булан тохой байдаг юм уу?
ХЗДХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.БААСАНДОРЖ:
-2013 онд төлбөрийн чадваргүй яллагдагчид туслалцаа үзүүлэх хуулийг УИХ-аас баталсан. Өнөөдрийг хүртэлх долоон жилийн хугацаанд хэрэгжиж байна. Хууль зүйн туслалцааны тухайд 72 алба хаагчтайгаар нийслэлийн найман дүүрэг, хоёр сум нийт 31 салбараар дамжуулан хууль зүйн туслалцааны үйлчилгээ үзүүлж байна. 2014-2020 оны байдлаар 62 мянга 500 иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлсэн. 2020 онд 17 мянга 506 эрүүгийн хэрэгт 19 мянга 42 мянга холбогдогчид туслалцаа үзүүлсэн. Хуулийн төсөлд ганцхан төлбөрийн чадваргүй иргэдэд бус гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд гэх мэт асуудлыг өргөжүүлсэн. 461 дүгээр ангид эрүүдэн шүүдэг асуудал байхгүй. Прокурор, ХЭҮК, камерын хяналтад байдаг.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН:
-Долдугаар зүйлтэй холбогдуулан асуулт асууя. Улсын өмгөөлөгч хэрвээ суманд зургаан жил ажилласан бол 12 сартай тэнцэх мөнгөн урамшуулал олгоно, аймагт таван жил ажилласан бол зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэжээ. Үндсэн цалин нь хоёр сая болж байгаа юм байна. Ингээд явбал улсын төсөв даах уу. Та нар онцгой байдлын алба хаагчдаас жишиг аваад оруулаад ирчихсэн байна. Та бүхэн бүх шатны иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргад үүрэг болгож, улсын өмгөөлөгч түүний гэр бүлд дэмжлэг үзүүлнэ гэсэн байна. Гэр бүлийн гишүүнийг нь ажилд авах юм уу. Шаардагдах зардлыг орон нутгийн төсөв рүү санхүүжүүлнэ гэсэн байна. Энэ заалт чинь ашиг сонирхлын зөрчилтэй юу. Мөнгө төлсөн хүндээ үйлчилдэг зөрчил рүү яваад орчихвол яана. Дараагийн удаа ямар байгууллага цалингийн нэмэгдэл авна гэж орж ирэх бол?
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Х.НЯМБААТАР:
-Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог субъект бол өмгөөлөгч. Тэр дундаа улсын өмгөөлөгчид байгаа. Аймагт улсын өмгөөлөгчөөр ажиллах хүн олдохгүй байна. Энэ хүмүүс сая төгрөгийн цалинтай байдаг. Хэд хэдэн аймаг улсын өмгөөлөгчгүй. Улсын өмгөөлөгч, түүний цар хүрээг өргөтгөх тал дээр мөрийн хөтөлбөр болон олон улсын байгууллагын өмнө хүлээсэн үүрэгтэй. Ялангуяа төлбөрийн чадваргүй хохирогч талд өмгөөлөл үзүүлэх ёстой. Улсын хэмжээнд 70 хүн улсын өмгөөлөгч хийж байна. Эдгээр 70 хүнийг хоёр сая төгрөгийн цалинтай болчихвол орон нутагт хүн тогтож ажиллах болов уу гэдэг үүднээс оруулж ирсэн.
Хэрэв улсын өмгөөлөгч байхгүй бол зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, явагдахгүй. Бүх шатны хурал, засаг даргыг үүрэгжүүлж байгаа нь зөвхөн орон зайн хувьд хуулийн боломж олгож байгаа болохоос биш бусад хүмүүстэй харьцахгүй. Зөвхөн төлбөрийн чадваргүй категоритой хүмүүст өмгөөллийн үйлчилгээ үзүүлнэ. Байцаан шийтгэх ажиллагаанд оролцож буй прокурор, шүүгчдийн цалинг та бүхэн мэднэ. Ихэнх нь 3-3.5 сая төгрөгөөс дээш байгаа. Гэтэл хөдөө орон нутагт төлбөрийн чадваргүй хүнийг өмгөөлөх улсын өмгөөлөгчгүй болчихсон. Алслагдсан нэг дүүрэгт хууль зүйн туслалцааны төвийн байрыг нэг гишүүн аваад төлөөлөгчийн байр болгож, улсын өмгөөлөгчийг байргүй болгосон жишээ байна.
Монгол Улсын Их Хурлын байнгын болон түр хороодын өнөөдөр /2022.01.11/ хуралдах хуралдааны тов, хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.