Монголчууд нэгэн чухал үйл явдлын гэрч боллоо. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлдэг Оюу толгой төслийн дараагийн шат буюу гүний уурхайн үйлдвэрлэлийн анхны тэсэлгээг өчигдөр хийж 2022 оны 1-р сарын 25-ны өдөр түүхэнд тодоор бичигдлээ. Баялагтаа эзэн байж, үр өгөөжийг нь нийтээрээ хүртэж амьдрах нь Монголчууд бидний туйлын хүсэл. Оюутолгой гүний уурхайгаас олборлолт хийж эхэлснээр бидний хүртэх өгөөж нэмэгдэж байна. Мөн Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Монголчууд баялагийнхаа эзэн гэдгийг баталж чадлаа.
Туркойз Хилл Рессурсес компани Оюутолгой төсөл дэх Монголын эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж талууд гарын үсэг зуран баталгаажуулав. Ингэснээр өнөөдрийг хүртэл үүссэн 2.3 тэрбум ам.доллар, цаашид үүсэх 22 тэрбум ам.долларын өр тэглэгдэж, ногдол ашиг авахааргүй байсан нөхцөл байдал ч өөрчлөгдөж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Энэ хэлэлцээрийн эхний шатны үр дүн өнөөдөр гарч, Оюу толгой төслийн Засгийн газрын эзэмшлийн 34 хувь Монгол Улсад үнэ төлбөргүй ирж, монголчууд бид 2009 онд анх гэрээ байгуулсан өдрийн нөхцөл байдал, ТЭГ гараан дээрээ дахин ирж, удтал хүлээсэн Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил ийнхүү эхэлж байна. Монгол Улсын Их Хурлаас баталсан 103-р тогтоолын хүрээнд өнөөдөр эхлүүлж буй Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлыг Монголын талд нэмэлт өр үүсгэхгүйгээр, дахин хугацаа хойшлуулахгүйгээр, техник эдийн засгийн алдаа дахин гаргахгүйгээр туйлын хариуцлагатай хандаж, харилцан тохиролцсон хугацаа буюу 2023 оны эхний улиралд багтааж бүрэн ашиглалтад оруулж чадна гэдэгт итгэж байна”.
Оюутолгойн гүний уурхай бүрэн ашиглалтад орсноор Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдож, Монгол Улсын эдийн засаг болон төсөвт оруулах үр өгөөж багадаа гурав дахин нэмэгдэх боломжтой.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: “Оюу толгойн бүтээгдэхүүн гурав дахин нэмэгдсэнээр жилд тав орчим тэрбум ам.долларын борлуулалт хийж, Монгол Улсын нэг жилийн эдийн засгийн тэн хагасыг Оюу Толгой компани дангаар үйлдвэрлэх боломж бүрдэх юм. Энэ хэмжээгээр Монгол Улсад төлдөг татвар, ашигт малтмалын нөөц ашиглалтын төлбөр гурав дахин өсөх урьдчилсан тооцоолол гарч байна”
Гүний уурхайн тогтвортой олборлолт эхлэх хугацаанд нэмэлт санхүүжилтийг Рио Тинто, Туркойс Хилл Ресурсес бүрэн хариуцахаар болсноо “Туркейз Хилл” зарласан. Мөн Оюу толгой төслийн бүтээн байгуулалтыг Монгол Улсын нэгдсэн сүлжээнээс эрчим хүчээр хангах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа. Ингэснээо Тавантолгой Дулааны цахилгаан станц баригдах боломж бүрдэж, жил бүр эрчим хүч гадаадаас худалдан авч буй 120 гаруй сая ам.доллар Монгол Улсад үлдэх болж байна.
Оюутолгой төсөлтэй холбоотой үүссэн асуудлууд энэ мэтээр цаашид шийдэгдэнэ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Оюутолгойн хөрөнгө оруулагч талд Монголчууд үүгээр итгэл хүлээлгэж байгаа ч энэ бол эцсийн “сануулга” гэдэг месежийг гүний уурхайн анхны тэсэлгээ хийх ёслолын үгээрээ өгсөн. Оюутолгойн хөрөнгө оруулагчдын зүгээс ч “алдаагаа ухаарсан”, цаашид “хэлсэн ярьсандаа үнэнч байх, ажлаа чанартай гүйцэтгэх” хариуцлагатай үе ирж байна хэмээн байр сууриа илэрхийлээд байна.
Монгол Улсын Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлогоо” зарлаж, УИХ хуулийг нь саяхан баталсан. Харин тусгагдсан ажлууд нь үүгээр хэрэгжиж эхэлж байна.
Сэргэлт эрчээ бүү алдаг!