Ром хотноо зохион байгуулагдаж буй Дэлхийн хүнсний форум 2026-ын “Дэлхийн цас мөсний бүс нутаг” арга хэмжээнд Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцон нээлтийн үг хэлж, эрс тэс уур амьсгалд хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог тогтвортой хөгжүүлэхэд Монголын нүүдлийн мал аж ахуйн уламжлал үнэтэй туршлага болохыг онцоллоо.
Тэрбээр бэлчээр, уулын экосистемийг хамгаалах нь хүнсний аюулгүй байдал, соёлын өв, тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг тэмдэглэв. Малчдын үеэс үед өвлүүлсэн уламжлалт мэдлэгийг шинжлэх ухаан, орон нутгийн иргэдийн туршлагатай хослуулах нь уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, газрын доройтол зэрэг харилцан уялдаатай сорилтыг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм.
Мөн олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, малчдын дуу хоолойг дэлхийн түвшний хэлэлцүүлэгт хүргэх Монгол Улсын тууштай байр суурийг илэрхийллээ.



