Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга болон аялал жуулчлалын мэргэжлийн холбоод цар тахлын дараах “Аялал жуулчлалын сэргэлтийн стратеги төлөвлөгөө”-ний төслийн талаар хэлэлцлээ.
Энэ асуудлыг Засгийн газрын түвшинд тавьж шийдүүлэх, богино, дунд хугацаанд хэрэгжүүлэх ажлын чиглэл, дарааллыг гаргав.
Мэргэжлийн холбоод “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-нд 3 судалгаа хийж байна. Үүнд дэлхийн 160 гаруй орон аялал жуулчлалыг сэргээх хөтөлбөр гаргаснаас 50 орчим улсынх нь төлөвлөгөө, судалгааны ажлыг харьцуулах, цар тахлын нөлөөгөөр хямраад буй дотоодын аялал жуулчлалын тур оператор, жуулчны бааз, ресторан, зочид буудал зэрэг 200 гаруй ААН-д хямрал хэрхэн туссаныг судлах, ямар стратеги хэрэгжүүлж салбарыг сэргээх талаар салбарын 30 орчим экспертийн дунд түүвэр ярилцлага, судалгаа хийж байна.
Урьдчилсан судалгаагаар 2020-2021 онд дотоодод жуулчин хүлээж авдаг тур операторын орлого 80, ажиллах хүч нь 78 хувиар, зочид буудлуудын орлого 63, хүний нөөц нь 25 хувиар хумигдав. Мөн жуулчны баазын орлого 84, ажлын байр 65 хувиар, ресторануудын орлого, хүний нөөц нь 50 хувиар багасжээ.
Иймд дээрх 3 судалгаа, баримт нотолгоонд үндэслэн 8 стратегийн 40 гаруй чиглэлд аялал жуулчлалыг сэргээх төлөвлөгөө боловсруулжээ. Тодруулбал, эрүүл, аюулгүй үйлчилгээ, зорчигч тээврийн өрсөлдөхүйц, таатай нөхцөл бүрдүүлэх, салбарын хүний нөөцийг бүрдүүлж чадавхжуулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг сэргээхэд төрөөс дэмжих, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн үр дүнтэй хөтөлбөр хэрэгжүүлж жуулчны эрэлтийг нэмэх, салбарын эрхзүйн орчинг сайжруулах, тогтвортой хөгжих суурь нөхцөл бүрдүүлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэл багтаж байгаа аж.