“Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний Мастер төлөвлөгөө боловсруулах” MONMAP төслийн хүрээнд манай улсад Зөгийн балны экспортын кластерыг байгуулж байна.
Төслийн хүрээнд зөгийн балны экспортын кластер байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг 15 гишүүнтэй өнгөрсөн оны 5 дугаар сард байгуулсан юм. ХХААХҮЯ, МҮХАҮТ, Сэлэнгэ аймаг дах Салбар танхим, СХЗГ, МХЕГ, Монголын зөгийчдийн нийгэмлэг, Төв аймгийн Батсүмбэр сумын зөгийн баг, судлаач болон хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн тус баг бүрэлдэхүүн зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврыг боловсруулж, кластер байгуулах чиг үүргийн хүлээж байна. Тодруулбал, зөгийн балны үйлдвэрлэлд зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх зааврын төслийг боловсруулах чиглэлээр 10, Зөгийн балны кластер байгуулах чиглэлд 9 ажлыг төлөвлөн энэ оны 3 дугаар сард Зөгийн балны экспортын кластер байгуулах бэлтгэл ажлыг хангаад байна. Энэ талаар өчигдөр болсон MONMAP төслийн удирдах зөвлөлийн хурлаар мэдээллээ.
Хуралд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Японы ЭСЯ-ны Нэгдүгээр нарийн бичгийн дарга Матоба Сатоши, ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Тамура Эрико зэрэг гишүүд, төлөөлөгчид оролцож төслийн зүгээс туршилтын төсөл болон кластер хөгжүүлэлтийн явц, орон нутагт хэрэгжих туршилтын төслийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэлэв.
MONMAP төслийн хүрээнд боловсруулах мастер төлөвлөгөөгөөр цаашид 4 хөгжлийн чиглэлийг баримтлан тус бүрийн ажлын хэсэг байгуулж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг шийдвэрлэж явах талаар нэгдсэн саналд хүрчээ. Үүнд:
- Дотоод дахь ХАА-н бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх,
- Экспортод чиглэсэн малын гаралтай бүтээгдэхүүнийг шинээр нээх,
- Түүхий эдийн чанар болон мөшгөх тогтолцоог бэхжүүлэх,
- Кластер хөгжүүлэлт болон төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагын уялдаа холбоог дэмжих юм.
Кластерт оролцох боломжтой зөгийн балны үйлдвэрлэл (тоо хэмжээ, чанар) болон зөгийн аж ахуй эрхлэгчдийг (тоо, газар зүйн байршил) судлах ажлын төлөвлөгөөнд тусгасан ажлыг ажлын хэсгийн гишүүд, МҮХАҮТ-ын Эдийн засгийн судалгааны институт болон Жайка төслийн эксперт Нишияма Акиёо хамтран ажиллаж, гүйцэтгэжээ.
Нэмж мэдээлэхэд Монгол, Япон улс манай орны ХАА-н бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг бэхжүүлэх чиглэлээр хамтран ажиллах, бүс нутгийн онцлогийг харгалзсан стратеги бүхий ХАА-н нэмүү өртгийн сүлжээг хөхиүлэн дэмжих зорилготой Мастер төлөвлөгөөг боловсруулахаар тохиролцсон юм.
Улмаар Японы олон улсын хамтын ажиллагааны Жайка байгууллага ХХААХҮЯ, Үндэсний Хөгжлийн газартай хамтран Монгол Улсын ХАА-н салбарын нэмүү өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах төслийг хэрэгжүүлж байгаа юм. Энэхүү төсөл нь ХАА-н салбарын тогтвортой хөгжлийг дэмжих зорилгоор ХАА-н маркетингийн платформ (ХААМП) байгуулах зэрэг 3 чиглэлээр ажиллаж байна.
Төслийн хүрээнд МҮХАҮТ, Жайка төслийн “Монгол дахь ХАА-н өртгийн сүлжээний мастер төлөвлөгөө боловсруулах (MONMAP-AVC)” төслийн багтай хоёр байгууллагын түншлэлийг бий болгох харилцан ойлголцлын санамж бичгийг өнгөрсөн оны 5 дугаар сард байгуулсан юм.