Нийслэлийн хэмжээнд сүүлийн хоногуудад томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотой эмнэлгийн орны ачаалал нэмэгдсэн. Иймээс амралтын өдрүүдэд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-ын дарга Б.Бямбадорж болон албаны хүмүүс Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв, Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн 11-р хорооны ӨЭМТ-д ажиллалаа.
Дээрх эмнэлгүүдийн хувьд хүүхдийн орны ачаалал хэвийн, эм тарианы тасалдалгүй байв. НЭМГ-ын дарга гуравдугаар сарын 10-нд А/43 тоот тушаал гаргаж, дүүргийн Эрүүл мэндийн төв, ӨЭМТ-ийн ажиллах цагийн хуваарийг уртасгасан. Тодруулбал, гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл өрх, тосгоны эрүүл мэндийн төвүүдийг бямба гарагт 10:00-17:00 цагийн хооронд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн Хүүхдийн кабинетыг ажлын өдрүүдэд 8:30-22:00, ням гарагт 10:00-17:00 цаг хүртэл илүү цагаар ажиллахаар зохицуулжээ. Үүнтэй холбоотой эмнэлгийн ачаалал хэвийн байгааг эмнэлгийн удирдлага, эмч нар хэлж байлаа.
Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Чинзориг, хүүхдийн тасгийн эрхлэгч Т.Батаа нар эмчилгээ үйлчилгээ, тасгийн зохион байгуулалт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тушаал шийдвэрийн хэрэгжилт, эм, эмнэлгийн хэрэгслийн хангалт, хүүхдийн өвчлөл, хэвтэн эмчлүүлж буй хүүхдийн статистик мэдээг танилцуулав.
Тус төвийн хүүхдийн тасагт нийт 174 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас эрчимт эмчилгээний тасагт дөрвөн хүүхэд байна. Ажлын өдрүүдэд 70-90, амралтын өдрүүдэд 100-120 хүүхэд яаралтай тусламж, хүлээн авах тасгаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгджээ.