Төр засаг, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэмтэн судлаачдын төлөөллийг оролцуулсан Монгол Улсын хөгжлийг хурдасгах зорилго бүхий “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Олон улсын харилцааны өнөөгийн нөхцөл байдал” салбар хуралдаан боллоо.
Монгол Улс коронавирусний вакцинжуулалтыг амжилттай хийж, “КОВИД-19”-ийг даван туулах менежментээр дэлхийд тэргүүлэх эгнээнд байгаа. Гэхдээ Украинд үүссэн нөхцөл байдал таамаглашгүй хүндрэл үүсгэж байгаа бөгөөд энэ зөвхөн Монгол бус дэлхийн бүх оронд нөлөөлж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг салбар хуралдаанд оролцохдоо онцлов.
Монгол Улс нь Үндсэн хууль, Гадаад бодлогын үзэл баримтлалд тусгасны дагуу энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлого явуулж байгаа бөгөөд энэ зарчмаа ч хатуу барьж байгаа тэрбээр хэллээ. Дэлхийн 193 оронтой дипломат харилцаа тогтоож, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж буй орны хувьд Монгол Улсын гадаад харилцаанд асуудал байхгүй гэдгийг дурдлаа. Түүнчлэн, “Монгол Улс гадаад бодлогын Нэг цонхны бодлогыг маш сайн баримталж байгаа. ҮАБЗ-ийн гишүүдийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын байр суурийг зөвхөн ГХЯ илэрхийлэх ёстой. Энэ ажлаа гүйцэтгэж, бүх яам, агентлаг, орон нутгийн удирдлага, төрийн байгууллагын удирдлагууд, ажилтнуудад зөвлөмж өгч байгаа” гэв.
Цар тахлын улмаас сүүлийн хоёр жил дэлхий нийт эдийн засагт сөргөөр нөлөөлж, бараа бүтээгдэхүүний хомсдлын улмаас инфляци ихээхэн өссөн байна. Банк санхүү, хөрөнгийн үйлчилгээний салбар нэн тэргүүнд эдийн засгийн томоохон цохилтод өртсөн энэ үед ОХУ, Украины асуудлаас үүдэн олон улсад хямрал бий болж байгааг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан хэллээ. Тэрбээр, “Үйлдвэрлэгч орнууд дотооддоо бараа бүтээгдэхүүнээ үйлдэрлэх боломжтой учраас цохилтод бага өртөж байна. Гэхдээ импортлогч орнуудад валютын ханшийн өөрчлөлт, эрэлтийн улмаас инфляци бий болж байгаа юм. Тухайлбал, АНУ-ын Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 2018 оноос хойш анх удаа нэмлээ. Тиймээс Засгийн газраас Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Энэ төсөлд шатахуун, гурил, мах зэрэг бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах бодлого хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ мөнгө хэвлэхгүй, төсвийн зарлагыг нэмэхгүй. Монголбанк мах, гурил үйлдвэрлэгч, шатахуун импортлогч нарт хөнгөлөллтэй санхүүгийн эх үүсвэр олгох, валютын нөөцийг нэмэхэд Засгийн газар дэмжих зэрэг ажлыг хэрэгжүүлнэ. Энэ хуулийг ч УИХ батална гэж итгэж байна” хэмээв.
Монгол Улс газар зүйн байршлын хувьд зарим талаараа таатай, нөгөө талаараа хамгийн таагүй байршилд байдаг гэдгийг ҮАБЗ-ийн дэргэдэх Стратеги, судалгааны хүрээлэнгийн зөвлөх Р.Болд хэллээ.
ОХУ Монгол Улсын мөнхийн хөрш орон. БНМАУ-ын үед ОХУ-д бэлтгэсэн боловсон хүчний 30 хувь нь Украинд сургууль төгссөн байдаг тул Украин ч мөнхийн хөршөөс ялгаагүй гэдгийг тэрбээр онцлов.
Монгол Улс Ази, Европын холбосон транзит улс байх ёстой гэдэг ч энэ зорилтоо хангалттай биелүүлж чадахгүй байгааг тэрбээр шүүмжилсэн юм.
Монгол Улсад нэгдүгээр хөрш орон гэж байхгүй бөгөөд хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харьцах ёстой. Хоёр хөрш оронтой Иж бүрэн стратегийн харилцаа тогтоосон бол Туркээс бусад гуравдагч хөрштэй Стратегийн түншлэл тогтоогоод буй юм. “КОВИД-19” болон Украинд үүсээд буй нөхцөл байдал гадаад бодлогод урьдчилан төсөөлөх боломжгүй асуудал дагуулж буйг Олон улсын харилцааны түүхч, олон улсын эдийн засагч Д.Уламбаяр хэллээ. Улс орнуудын ОХУ-д тавьж буй хориг нь тус улстай ойр оршдог орнуудад ихээхэн нөлөөлж байгаа бөгөөд энэ нь Монголд ч мэдрэгдэж байна. Монгол Улс, ОХУ-тай своп хэлцэл хийх санал гаргахаар төлөвлөж байгаа. Энэ нь шатахуунаас эхлээд бусад асуудлаа шийдвэрлэх боломжийг бүрдүүлэх магадлалтай гэдгийг тэрбээр онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, “Бид ОХУ руу хөдөө аж ахуйн болон малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлэх арга замыг судлах хэрэгтэй. Бид Оросын хэрэглээг бүрэн хангаж чадахгүй ч хил залгаа бүс нутагтаа нийлүүлэлт хийх боломж байна. Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх Байгалийн хийн хоолойн төсөл эрчимжих шатандаа орж байна гэж би харж байгаа.
Үүнээс гадна Энэтхэг улстай хамтран байгуулж буй Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулахад чухал нөлөөтэй юм.
Дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлтөөс үүдэн Европын холбооны улс орнууд цөмийн эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчний ангилалд оруулж байна. Иймд Зөөвч-Овоонд хийж буй ураны олборлолтод хөрөнгө оруулалт хийж, бага оврын цөмийн эрчим хүчний үйлдвэр байгуулахад анхаарч ажиллах нь зөв гэсэн бодол бий. Ингэснээр эрчим хүчний аюулгүй байдлаа хангах алхам болно” гэлээ.
Цар тахал, геополитикийн асуудал нь Монгол Улсаас үл хамаарсан гэнэтийн хүчин зүйл. Гэхдээ геополитикийн асуудлыг урьдчилан таамаглах боломж байгаа гэдгийг Стратеги, судалгааны хүрээлэнгийн судлаач Н.Энхбаяр онцлов. Тэрбээр, “Ноднин зургаадугаар сарын 11-13-нд Их Британид болсон Их долоогийн уулзалтын тунхаглалд Украины асуудлаар ОХУ-д анхааруулсан мэдэгдэл орсон. Мөн ноднин 12 дугаар сарын 16-нд НАТО-гийн гишүүн орнууд цэргийн хүчээ Украины хил орчимд байрлуулж байгаа асуудлаар ОХУ-д анхааруулсан байгаа. Тэгэхээр энэ бүхэн эрсдэл хуримтлагдаж байна гэдгийг илэрхийлж байгаа тул үүнд тулгуурлан ирээдүйд үүсэж болох эрсдлийг урьдчилан тооцоолох нь маш чухал. Энэ тооцоолод тулгуурлан урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах ёстой. Одоо бид юу хийх ёстой вэ гэхээр хаврын тариалалтаа бүрэн хийж, хил залгаа ОХУ-ын бүс нутгуудад дутагдаж буй хүнсний бүтээгдэхүүнийг нийлүүлэх боломжтой байгаа” гэв.
МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баясгалан, “Цар тахлын үед бидэнд тээврийн асуудал тулгамдаж байсан. Харин ОХУ, Украины нөхцөл байдлаас үүдэн тээврийн асуудалд дээр валютын нөөц тулгамдаж байна. Өдөрт шилжүүлэх валютын хэмжээнд хязгаар тогтоосон стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний импортод ч сөргөөр нөлөөлж байгаа. Тухайлбал, “Таванбогд”, “Эм ханган нийлүүлэгчдийн холбоо”-ноос гадаад руу шилжүүлэх валютын хэмжээнд тогтоосон хязгаар нь бараа бүтээгдэхүүнээ авахад хүдрэл үүсгэж байгаа тухай саналыг удаа дараа ирүүллээ. Мөн барилгын материалын худалдан авалтад ч нөлөөлж байна. Тиймээс зарим салбарт хувийн хэвшил толгойлж ажиллах боломж байна. Тухайлбал, Тоёото компаниас эхлээд ОХУ-ын Владивостокын боомтод байсан гадны томоохон компаниуд гарч байна. Тэгэхээр тэр хэсэгт нь газар авах, тээвэрлэлтийн асуудлаа шийдвэрлэх шинэ гарц бий болж байна гэж харж байна. Өөрөөр хэлбэл, аль улстай хэрхэн хамтран ажиллах вэ гэдэг богино хугацааны стратегийг хамгийн түрүүнд хэрэгжүүлмээр байна” гэлээ.
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар-Үнэ, ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо” нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна.