Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар ТОП-100 аж ахуйн нэгжийн удирдлага, төлөөлөлтэй МҮХАҮТ-д уулзаж байна. Засгийн газар 2022 оны улсын төсөвт тодотгол хийхээр болж хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байна. Ерөнхий сайд төсвийн тодотголын төслийг бизнес эрхлэгч нарт танилцуулж, санаа бодлыг нь сонсов. Уулзалтад мөн УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, ХНХ-ын сайд А.Ариунзаяа, ЗТХ-ийн сайд Л.Халтар, БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр болон холбогдох агентлагуудын дарга нар оролцож, бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдээс тавьсан асуулт, санал хүсэлтэд хариулт өгөв.
Тэрээр, “Та бүхний бизнес Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой. Тийм учраас нийгмээс тавьж буй асуудалд мэдээллээ солилцож, нэгтгэх нь зөв юм. Төсвийн бодлого илүү хэмнэлттэй, татвар төлөгчдийн мөнгийг ил тод, нээлттэй байлгавал олон жил хүлээгдсэн шинэчлэлийг хийж чадна. Энэ удаагийн төсвийн тодотгол гурван онцлогтой. Та бүхний байр суурийг сонсож, бодит байдалд уялдуулах гэдгийг сайтар тооцох нь зүйтэй. Төсвийн тодотголоор үнийн өсөлттэй холбоотой хариу үйлдэл үзүүлнэ. Мэдээж бид импортын барааг хянах боломжгүй. Гэхдээ үнийн өсөлтийг бууруулах эрх зүйн орчин бий болгож, огцом өсөлттэй байгаа шатахууны үнийг тогтворжуулах нь хувийн хэвшлийнхэнд ихээхэн дэм болно гэж үзсэн.
Зах зээл дээр шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдэх нөхцөл байдал үүссэн байсан. Төр тодорхой хэмжээнд оролцож, тодорхой хөтөлбөр гарган, Засгийн газар, Монголбанк валютын нөөцөд дэмжлэг үзүүлж, Монголд орж ирж буй валютын урсгалыг цаг хугацааны хувьд наашлуулах багц арга хэмжээ авсан.
Мөн хөнгөлттэй зээлийн эх үүсвэрүүд бий болгож, мах болон гурил үйлдвэрлэгчдэд хаврын тариалалтын үеэр дэмжлэг үзүүлнэ. Төрөөс нийтдээ 100 орчим сая ам.долларын хөрөнгө гаргах чиглэлээр Монголбанктай хамтран ажиллаж байна.
Шүүмжлэл гарч байна. Гэхдээ шулуухан хэлэхэд, хямралт нөхцөл байдал учраас бид хариу арга хэмжээ авахгүйгээр яваад байвал үнийн өсөлтийг дийлэхгүй болно. Ялангуяа шатахуун 1000 төгрөгөөс дээш нэмэгдвэл инфляцыг хэт хөөрөгдөнө. Тиймээс мах, гурил, шатахуун дээр Засгийн газар сангийн, Монголбанк мөнгөний бодлогоороо оролцож, ААН-үүдтэй хамтарч ажиллахаар болсон.
Үнийн саналтай холбоотой багц арга хэмжээ авч байна. Мөн элсэн чихэр, ургамлын тос, цагаан будааны гаалийн албан татварын 5 хувийг тэглэх санал оруулна. Дотоодод ургамлын тос үйлдвэрлэх хүсэлтэй ААН байвал түүхий эдийн НӨАТ-ыг чөлөөлөх багц санал оруулах гэж байна. Цаашлаад Монгол Улс хүнсний хомсдолд орох, энэ нөхцөл байдал удаан үргэлжлэхэд өөрийн нөөц агуулахтай, өвлийн хүлэмжлэй болох нь чухал.
Бид “10 их наяд”-ын хөтөлбөрийн дагуу хөнгөлөлттэй зээлийн зөрүүг төсөвт суулгаж, бусад эх үүсвэрийг гаргахад бэлэн. Жишээлбэл, өвлийн хүлэмж барих бол бид хөнгөлөлттэй зээл олгож, томоохон хүнсний агуулах барих санал байвал Засгийн газраас баталгаа гаргаж, урт хугацааны хүүгийн хөнгөлөлттэй нөхцөл санал болгоно.
Монгол Улс дотоодын хэрэгцээгээ хүнсээр хангадаг байх чиглэлд та бүхэн хэрхэн хамтран ажиллах вэ. Хоёрдугаарт, олон жил ярьсан төсвийн зардлыг хэмнэх багц арга хэмжээ авна. Ингэхдээ УИХ, Засгийн газар, шүүх тусдаа арга хэмжээ авч байна. Төр үндэсний хэмжээнд 10 орчим мянган автомашин хэрэглэдэг” гэв. Уулзалтад оролцсон ААН, бизнес эрхлэгчдийн төлөөллөөс:
- хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бүрдүүлэх,
- орон нутагт бүтээн байгуулалт хийж, ажлын байр нэмэгдүүлбэл татварын тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх,
- татвар төлөгчдийн нэр хүндийг өсгөх, экспортлогч ААН-үүдийг дэмжих замаар экспортыг нэмэгдүүлэх,
- гадаадаас ажиллах хүч авах боломжийг нэмэгдүүлэх,
- төрийн албан хаагчдын тоог тодорхой хувиар цөөрүүлэх, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшлийн оролцоотойгоор зардал багатай гүйцэтгүүлэх,
- төлбөр тооцоо, валютын ханштай холбоотой болон чөлөөт бүсийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, тээвэр логистиктой асуудлыг шийдвэрлэх зэрэг саналыг хэлэв.