УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /2022.4.19/ хуралдаж, Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханы мэдээллийг сонслоо.
Монгол Улсын Засгийн газраас батлан хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд газар тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг дэвшүүлж Атрын IV аяныг орчин цагийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн өрнүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ онцлов. Монгол Улс энэ онд 386 мянган га-д үр тариа, үүнээс 363 мянган га-д улаанбуудай, 70 мянган га-д малын тэжээл, 66 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ тариалж, 340 мянган га-д уринш боловсруулж бэлтгэх зорилт дэвшүүлснийг тэрбээр дурдлаа.
ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, ““Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн салбарт нийтдээ 190 тэрбум төгрөгийн зээлийг 2 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй олгохоор шийдвэрлэн хэрэгжилтийг зохион байгуулж байна. 2021 оны ургацаас зах зээлийн эргэлтэд ороогүй, зохих стандарт, журмын шаардлагыг хангаж байгаа 45.3 мянган тонн хүнсний буудайг худалдан авч нөөц бүрдүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд уг буудайг хүлээн авах ажлыг эхлүүлж өнөөдрийн байдлаар 1800 тонн буудай хүлээн аваад байгаа. Түүнчлэн Засгийн газрын өнгөрсөн сарын 23-ны 118 дугаар тогтоолоор хүнсний ногооны тариалалтыг нэмэгж, эхний ээлжинд ил талбайн ургацаар дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор зах зээлд борлуулсан 10 нэр төрлийн хүнсний ногоонд мөнгөн урамшуулал олгох, тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр импортоор болон дотоодоос худалдан авч буй төмс, хүнсний ногооны үрийн үнийг 80 хувиар хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Өвлийн улиралд хүлэмжийн аж ахуйд хэрэглэсэн цахилгааны төлбөрийг хугацаа, цагийн хамааралтайгаар 1 м талбайд 0768 квт/цагаар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргуулж хэрэгжилтийг зохион байгуулж байна” гэв.
Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилгоор “Хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлж, хангамжийг тогтворжуулах” иж бүрэн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд шаардагдах үр, суулгац, техник тоног төхөөрөмж, хүлэмж, усалгаатай талбайн хэмжээ, зоорь агуулах, бордоо, ургамал хамгааллын бодис зэрэг нийт орцуудын зардлын тооцоо, судалгааг гаргаж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлжээ. Газар тариалангийн салбарт улсын төсвийн болон гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр хийх худалдан авалт болон сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа хугацаандаа хэвийн үргэлжилж байгаа ч давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг онцлов.
-Хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд импортоор нийлүүлэх үр тариа, тос, тэжээлийн болон хүнсний ногооны үр, эрдэс бордоо, ургамал хамгааллын бодисыг технологийн хугацаанд буюу энэ дүгээр сарын 15-наас ирэх сарын 5-ны дотор, техник тоног төхөөрөмжийг 5-6 дугаар сард багтаан хилийн боомтуудаар нэвтрүүлэх ажлыг шуурхай авч хэрэгжүүлэх,
-Стратегийн таримал болох улаанбуудайн тариалалт, хураан авах ургацын хэмжээг нэмж, чанарыг сайжруулах, борлуулалтад нь дэмжлэг үзүүлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор тухайн жилийн ургацаас хэрэгцээт улаанбуудайн 30 хүртэл хувь буюу 100 мянган тонн хүнсний улаанбуудайг улс худалдан авч стратегийн нөөц бүрдүүлэхэд шаардагдах 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг ХХААХҮ-ийн Сайдын багцад тусгаж, улмаар сан бүрдүүлж жил бүрийн ургацаас хүнсний улаанбуудайн нөөц бүрдүүлэх,
-Дилер аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын идэвхитэй оролцоо, санаачлагад тулгуурлан төрөөс урьдчилгаа төлбөрийн баталгаа гаргах, хүүгийн төлбөрийн зөрүүг төлөх зэрэг санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлж, хувийн өмчийн хөрөнгө оруулалтыг дэмжих замаар газар тариалангийн техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэж байлаа.
Мөн тэрбээр, хаврын тариалалтын бэлтгэл ажлын хүрээнд төлөвлөсөн ажил арга хэмжээнүүд технологийн хугацаанд явагдаж байгаа хэдий ч импортын орцуудын хувьд давагдашгүй нөхцөл байдлын улмаас хүндрэл үүсч болзошгүй байгааг анхаарч холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан.
Салбарын сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен, Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Г.Ганболд, Б.Саранчимэг, Ш.Адьшаа нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аубакир, “Улаанбуудайн тариалалтыг нэмж дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилтыг олон жил тавьж, ярьсаар ирсэн. Тиймээс цаашдаа тариалангийн талбайгаа нэмэхээс эхлээд улаанбуудайгаа экспортлох хүртлэх зорилтыг тавьж энэ салбарт томоохон өөрчлөлт хийх шаардлагатай” гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Б.Бейсен, “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх” 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хүрээнд газар тариалангийн салбарт 100 гаруй тэрбум төгрөгийн зээлийг олгох болсон нь чамлахаар мөнгө биш. Хамгийн гол нь арилжааны банкуудаар дамжуулан олгох зээл нь газар тариалан эрхэлдэг жинхэнэ эзэддээ хүргэхэд онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй” хэмээн анхааруулсан.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал усалгаатай тариалалтын дотор хүнсний ногооны бус тариалалт эрхлэх асуудал байгаа тул үүнийг шалгаж, шахаж гаргах асуудалд хяналт тавих, УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин хүнсний ногооны тариалалтаас гадна стандартын зоорь, агуулах барих аж ахуйн нэгж, иргэдэд салбарын яам дэмжихийг анхааруулж байлаа.