БНСУ-ын тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнүүлсний 104 жилийн ой өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Элчин сайдын яамнаас мэдээлэл хийлээ.
БНСУ 1910-1945 онд Японы колоничлолд байсан бөгөөд тус улс 104 жилийн өмнөх энэ өдөр буюу 1919 оны 3 дугаар сарын 1-нд тусгаар тогтнолын хөдөлгөөнийг эхлүүлжээ.
Энэ тухай БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ким Жун Гү мэдээлэхдээ, “Солонгосын иргэд үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж тусгаар улс болсны 104 жилийн ой тохиож буйг дэлхий нийтэд өнөөдөр таниулан тунхаглаж байна. Тухайн үед 20 сая гаруй иргэн энэхүү хөдөлгөөнд нэгдэн, 5 сая хүн амиа золиосолсон. “Солонгос улс мандтугай” хэмээх уриан дор анхны түр Засгийн газрыг байгуулах эхлэл болсон бөгөөд тусгаар тогтнолоо бүх нийтэд зарласан юм. БНСУ-ын хэмжээнд тусгаар тогтнолтой холбоотой нийт таван тэмдэглэлт өдөр байдгийн нэг нь өнөөдөр зохион байгуулж байгаа гуравдугаар сарын 1-ний тусгаар тогтнолын хөдөлгөөн өрнөсний тэмдэглэлт ойн баяр юм” гэв.
Мөн тэрбээр, “Миний бие БНСУ-аас Монгол Улсад томилогдон ирээд удаагүй байна. БНСУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар томилогдохоосоо өмнө монголд 77 удаа ирж байсан. 1995 онд Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ Монгол Улсад анх удаа ирсэн. Өдгөө та бүхний мэдэх Сөүлийн гудамжинд байрладаг асрыг барьж байгуулах ажилд оролцож байлаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хоёр улсын харилцааны хувьд бие биеэ мэдрэх он цаг байсан бол ирэх 30 жил хамтдаа улсаа хөгжүүлэх, гар барин алхах, ирээдүй өөд чиглэх, бие биеийнхээ ижил төстэй чанарыг илүү ойлгох боломж гэж үзэж байна.
Мөн та бүхний анхаарлын төвд БНСУ-ын визний асуудал байгаа. Визийг хөнгөвчлөх, үүнтэй холбоотой нөхцөлүүдийг шийдвэрлэх асуудалд хоёр улсын талаас хичээнгүйлэн зүтгэж ажил хэрэг болгохоор болж байгааг дуулгахад таатай байна. Одоогийн байгаа нөхцөлөөс нэлээд сайжирна гэж бид үзэж байна. Манай хоёр улсын харилцаа шат ахин хөгжих боломжуудыг хангахын тулд дипломатч хүний хувьд идэвхийлэн ажиллах болно” гэв.
Энэ үеэр энэхүү ойн баярыг Ерөнхийлөгчийн ивээл дор тус улсад тэмдэглэж буйг БНСУ-ын ЭСЯ Монгол Улсад амьдран суугаа солонгос иргэддээ шууд дамжуулан үзүүлсэн юм.