УНТЭ-ийн Урологи-андрологийн төвийн хүсэлтээр IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн Michael Metro эмчээр удирдуулсан баг Монгол Улсад ирж, бөөр шээсний замын нарийслыг эмчлэх мэс заслыг 25 өвчтөнд, давсагны хорт хавдрыг авах мэс заслыг хоёр өвчтөнд хийжээ.
Олон улсын эмч нараас бүрдсэн энэхүү баг Монголд 2006 оноос хойш ирж ажиллаж байгаа бөгөөд УНТЭ-ийн өвчтөнүүдэд мэс засал хийхийн зэрэгцээ эмч, мэргэжилтнүүдийг сургахад хамтран ажиллаж байгаа юм.
УНТЭ-ийн ерөнхий захирал Б.Хишигжаргал IVU Олон Улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийнхантай энэ сарын 21-нд уулзаж, өндөр өртөгтэй мэс заслын эмчилгээг үнэ төлбөргүй хийж, олон хүнд тус болсон сайхан сэтгэлд нь талархал илэрхийлээд, эмнэлэг болон нийгэмлэг хоорондын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх талаар ярилцлаа. Тэрбээр “УНТЭ-ийн Урологи-андрологийн төвд АНУ-ын сайн дурын байгууллагаас эмч, мэргэжилтнүүд ирж эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэхээс гадна мэс заслын шинэ арга технологийг зааж, сургах үйл ажиллагааг Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэг зохион байгуулдаг. Эмч нарын баг манай эмнэлэгт долоо хоног ажиллахдаа нийт 28 өвчтөнд үнэ төлбөргүй мэс засал хийсэн. Тэд манай эмч нарын чадавх сайжирч, багаж, тоног төхөөрөмжийн хангамж, мэс заслын өрөө ч шинэ түвшинд хүрснийг хэлж байсан. Цаашид бид эмч, мэргэжилтнүүдээ сургах, шинэ технологийг нэвтрүүлж, олон иргэнд тусламж, үйлчилгээг үзүүлэх талаар хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна” гэсэн юм.
Олон улсын сайн дурын урологийн нийгэмлэгийн эмч нарын багийн ахлагч Michael Metro, “Сүүлийн зургаан жилд нийт дөрвөн удаа Монгол Улсад ажиллалаа. Ирэх бүртээ өөр өөр чиглэлээр мэргэшсэн багийг авчирч эмчилгээ, мэс заслыг хийдэг. Энэ удаад бид тавуулаа ирсэн. Ирэх бүртээ УНТЭ-ийн мэс заслын эмч нарын ур чадвар нэмэгдэж байгааг харж байна. Монгол эмч нар эмчилгээний арга, техникийг сурах хүсэл эрмэлзлэлтэй, сурснаа хэрэгжүүлж, тухайн мэс заслыг нутагшуулаад явж байгаад нь баяртай байдаг. Энэ удаа ирсэн эмч нарын хувьд шээсний сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр мэргэшсэн бөгөөд 25 өвчтөнд олон дахисан нарийслыг нь эмчлэх, хоёр өвчтөнд давсагны хавдар авах мэс заслыг хийлээ.
Манай IVU буюу олон улсын урологийн сайн дурын эмч нараас бүрдсэн нийгэмлэг бөгөөд шээсний сүвний нарийслыг эмчлэх чиглэлээр түлхүү ажилладаг. Олон улсад энэ төрлийн мэс заслыг төдийлөн хийдэггүй учраас бид энэ төрлийн мэс заслын эмчилгээг олон нийтэд түгээх зорилгоор ажиллаж байна. Шээсний сүвний нарийсал нь эрэгтэйчүүдэд давамгайлан тохиолддог. Авто осолд орох, аарцаг ясны хугарал болох үед шээдэг сүв тасрах эрсдэл маш өндөр. Тухайн үед мэс заслын аргаар холбодог ч сорвижилт үүсэн нарийсч эдгэрдэг” хэмээв. Тэрбээр Монголд ирж ажилласан зургаан жилийн хугацаанд сувилагч нарын ур чадварыг үнэлж буйгаа хэлж, ард иргэдийнхээ эрүүл энхийн төлөө чин үнэнчээр ажиллаж байгаа сувилагч нарт талархал илэрхийлэв.