Герман улс “Nord Stream 2” хийн хоолойн төслийг өчигдөр (2022.02.22) зогсоолоо. Энэ нь ОХУ-аас Герман руу чиглэсэн байгалийн хийн урсгалыг хоёр дахин нэмэгдүүлэх зорилготой Балтийн тэнгисийн хийн хоолойн төсөл юм. Нийт 11 тэрбум ам.долларын өртөгтэй уг төсөл есдүгээр сард дууссан боловч Герман болон Европын холбооноос гэрчилгээ авах хүртэл сул зогссон билээ.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо өчигдөр (2022.02.22) ОХУ-ын эсрэг эдийн засгийн эхний шатны хориг арга хэмжээ авахаа зарлав. Энэ хүрээнд Канад улс Луганск, Донецк зэрэг тусгаар тогтносон гэгдэх улсуудтай бүх төрлийн санхүүгийн харилцаа холбоо тогтоохыг хоригложээ.
Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Оросын үйлдлийг “шинэчилсэн түрэмгийлэл” гэж нэрлээд, хориг арга хэмжээгээ зарлалаа. Хориг арга хэмжээний хүрээнд таван банкны хөрөнгийг битүүмжилж, Оросын гурван тэрбумтныг Их Британид зорчихыг хориглов. Түүнчлэн Луганск, Донецкийн бүс нутгийг тусгаар тогтносон улс гэж саналаа өгсөн Оросын парламентын гишүүдэд ч мөн хориг арга хэмжээ авахаар болсноо Их Британийн Гадаад хэргийн яам мэдэгдэв. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд тодорхой хууль тогтоомж гаргах хэрэгтэй тул хэдэн долоо хоног шаардлагатай аж.
Европын холбооны гишүүн 27 орон Парист болсон албан бус уулзалтын үеэр ОХУ-д авах хориг арга хэмжээний талаар хэлэлцэж, санал нэгтэй зөвшөөрсөн байна. Хөрөнгийг царцаах, визний хориг тавих арга хэмжээнд Оросын парламентын доод танхим болох Думын 351 гишүүн багтжээ. Учир нь тэд Украины хоёр бүс нутгийг тусгаар тогтносон гэж хүлээн зөвшөөрөхийг Путинд уриалсан гэв. Түүнчлэн Украины аюулгүй байдалд заналхийлэхэд үүрэг гүйцэтгэж буй 27 хувь хүн болон аж ахуйн нэгжид хориг арга хэмжээ авахаар Европын холбоо тохирлоо.