Ерөнхийлөгч Владимир Путин “ОХУ-ын санхүүгийн тогтвортой байдлыг хангах эдийн засгийн шинж чанартай түр зуурын нэмэлт арга хэмжээний тухай” зарлигт гарын үсэг зурлаа гэж Кремлийн хэвлэлийн алба мягмар гарагт мэдээлэв.
Баримт бичигт дурдсанаар, эдгээр алхам нь “АНУ болон тус улстай нэгдэн нийлсэн гадаадын улс орнууд, олон улсын байгууллагуудын найрсаг бус, олон улсын эрх зүйн хэм хэмжээтэй зөрчилдсөн үйлдлийн хариуд авсан бөгөөд үндэсний ашиг сонирхлыг хамгаалахад чиглэгджээ”.
Уг баримт бичигт гуравдугаар сарын 2-ны өдрөөс эхлэн ОХУ-аас тухайн өдрийн Төв банкны ханшаар арван мянган ам.доллароос дээш дүнтэй гадаад валют болон “гадаад валютаар мөнгөн хэрэгсэл” авч гарахыг хориглосон байна.
Үүнээс гадна, В.Путин тус улсад хориг арга хэмжээ авсан улс орнуудтай холбоотой гадаадын иргэдэд рублийн зээл олгох, мөн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө худалдах гүйлгээ хийх тусгай журам нэвтрүүлэхээр шийджээ.
Эдгээр ажиллагааг явуулахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах Засгийн газрын комиссоос зөвшөөрөл авах шаардлагатай бол үл хөдлөх хөрөнгө, үнэт цаасны гүйлгээг Сангийн яамтай зөвшилцөж, Төв банкнаас зөвшөөрөл авсны үндсэн дээр зохион байгуулах дуудлага худалдаагаар хийж болно.
Баримт бичигт мөн зээлийн байгууллагууд нь энэхүү зарлигт заасан хязгаарлалтыг харгалзан ОХУ-аас гадна байрладаг, гадаадын улсын хуулийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг банк эсвэл зээлийн байгууллагуудын харилцан төлбөр тооцоо хийх зорилгоор нээлгэсэн данс руу гадаад валют шилжүүлэх эрхтэй болохыг тодотгосон байна.
Дээрх зөвшөөрлийг олгох журмыг Засгийн газрын комисс тав хоногийн дотор батлахыг сайд нарын танхимд даалгажээ.
Уг зарлиг нь нийтлэгдсэн өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болсон байна.